8o
Улаанбаатар хот
mobile menu

“Фронт” С.Цэгмид: Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад баярлаж байна

2020-10-07 09:22:00

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардууллаа. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан. ОХУын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд үүнээс (ТУХН-ийг эс тооцвол) гадаадын 13 орны 40 иргэн дээрх одонгоор шагнагджээ.

“Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ. С.Цэгмид гуайг хэдхэн сарын өмнө Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан юм.

Найрамдлын одон хүртсэн С.Цэгмид гуай "Өнөөдөр миний дээд баяр болж байна. Орос, Монголын найрамдлын дээд одон авч байгаадаа баярлаж байна. Манай Монгол Улс малаа малласаар байгаад ийм сайхан гавьяанд хүрдэг юм байна. Ийм өндөр насанд маань ийм сайхан хүндэтгэл үзүүлж байгаад маш их баяртай байна. Төрийнхөө дээд шагнал бүрийг авч байна. Төрдөө баярлаж байна, ийм сайхан зүйлийг үзсэн биедээ баярлаж байна. Манай хоёр орны найрамдалт харилцаа улам бүр батжин бэхжих болтугай. Улам л их наслах юмсан гэж бодож байна. Ийм насан дээр та бүгдтэй уулзаж байгаадаа баярлаж байна. Би ч нэг их юм хийсэн хүн биш ээ. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад баярлаж байна. Манай хоёр улсын найрамдалт харилцаа үргэлж үргэлжилж байх болтугай" хэмээлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл