8o
Улаанбаатар хот
mobile menu

Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барьж чаддаг хүнийг баян хүн гэж үзнэ

2020-10-20 09:20:26

Наро Банчэн хутагт Орхон аймгийн сүсэгтэн олонд насны авшиг хүртээх номын айлдвар айлджээ. Сэтгэлийн амар амгаланг олж, хэрхэн аз жаргалтай  амьдрах талаар хэлсэн айлдварын хэсгээс ОНЦЛОХ  ЭШЛЭЛ болгон хүргэж байна.

  1. Сэтгэлийн амар амгалан хамгийн чухал.
  2. “Зарим хүн эд хөрөнгө, нэр алдартай болоод жаргалтай болчихдог гэж боддог тал бий.
  3. Нэр алдар, эд хөрөнгөтэй болоод ч тухайн хүний сэтгэл амгалан биш байвал жаргалтай байх ямар ч бололцоогүй.
  4. Нэр алдартай нь нэр хүндээ унагаах вий, бусад хүн муулах вий, эд баялагтай нь надаас хүн юм гуйх вий, эсвэл  байгаа байдалдаа сэтгэл санамжтай байж чадахгүй учраас жаргалтай байх бололцоогүй.
  5. Өөрт байгаа эд баялгийг тэрнээс дор зүйлтэй харьцуулбал сэтгэл зүйн хувьд баян болоод ирнэ гэж үздэг.
  6. Харин өөрөөсөө дээр зүйлтэй харьцуулаад эхэлбэл сэтгэлгээний хувьд ядуу болоод ирнэ.
  7. Ямар хүнийг баян хүн бэ гэвэл “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барьж чаддаг, байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авч чаддаг хүнийг баян хүн гэж үзнэ.
  8. Шунал, хүсэл хязгааргүй шүү дээ.
  9. Энэ буруу сэтгэлийг хорьж, барьж чадахгүй бол дэлхийг эзэлсэн хаан болсон ч сэтгэлийн амар амгаланг олж, жаргалтай байх бололцоогүй.
  10. Бидний жаргалтай байх, байхгүй нь аливаа юмыг харах өнцөг, сэтгэлзүйгээс маш их хамааралтай байна.
  11. Ядуу ч гэлээ дотоод сэтгэл нь хиргүй, амгалан, муу муухай боддоггүй хүн эд баялагтай, нэр хүндтэй хүн хоёрын хэн нь илүү аз жаргалтай байна вэ гэвэл дотоод сэтгэл амар амгалан байгаа ядуу хүн илүү аз жаргалтай байна.
  12. Тэгэхээр бие сэтгэл хоёрын сэтгэл нь илүү амар амгалан өгдөг.
  13. Бид бүхэн, манай улс гадна талдаа маш сайхан хөгжиж байна.
  14. Бид бүхэн сэтгэлийн хөгжил, сэтгэлийн боловсролыг орхигдуулж байгаа.
  15. Аз жаргал сайн сайхан зүйл рүү тэмүүлж л байгаа бол аль нь илүү сайн, сайхан зүйл өгч байгаагаа л сонгох хэрэгтэй.
  16. Бурхны шашинд сэтгэлийг юу жаргалтай болгодог, юу зовлонтой болгоод байгааг учир шалтгааны үүднээс маш нарийн судалж байгаа.
  17. Буруу сэтгэлийг хорих, бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл болон юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдэх ухаарлыг хөгжүүлэх арга зам бий
  18.  Хүний сэтгэлийг зовоодог, хямраадаг гол хүчин зүйл нь буруу сэтгэл буюу уур, шунал, атаархал, бусдыг хорлох сэдэл нь сэтгэлийн амар амгалан байдлыг бүрмөсөн байхгүй болчихдог.
  19. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бодит байдалтай зохицоогүй аминч үзлийн гэмээр буруу сэтгэл төрдөг.
  20.  Хэчнээн боловсролтой, мэдлэгтэй байгаад ганцхан амин хувиа хичээсэн, бусдад хамаагүй гэсэн сэтгэхүйтэй хүнтэй хамтарч ажиллахад хүртэл хэцүү шүү дээ.
  21. Харин бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэлтэй зөв хүнтэй ажил төрөл явуулахад хүртэл бүтэмжтэй байдаг. 
  22. Аминч үзэл бол юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдээгүй, мэдэхгүйн буюу мунхгийн эрхээр үүсдэг.
  23. Бодит байдал 10 хувь байхад 90 нь бидний сэтгэлзүйгээс хамааралтай байна. 
  24. Худлаа мэдээллийг сонсоод тавгүйтээд эхэлдэг. Тиймээс аливаа юмсыг ухаалгаар  харах нь чухал.
  25. Уураа дарах, барих хоёр арга зам бий. Уурын мөн чанар нь сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй болгодог. Бусдын жаргалтай байдлыг бусниулах хорлох сэтгэл юм. Уур ямар гэмтэй юм бэ гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Уурын гэмээр өөрийн сэтгэл амгалангүй болохоос гадна бусдын тайван байдлыг бусниулдаг.
  26. Гэр бүл, хамт олон дунд нэг л ууртай хүн байхад эргэн тойрны жаргалтай, амгалан тайван байдлыг бусниулдаг. Уурлахаар хайртай дотнын хүнээ их гомдоодог, түр зуурын уураас болж алдсан хүн олон байна.
  27. Уур бол маш гэмтэй сэтгэл. Далд хэлбэрээр урт удаан наслах, эрүүл энх, элбэг дэлбэг байх буяны үр дүнг шатаадаг.
  28. Гадаа өвөл болох гэж байхад байгаль дэлхий дааруулаад байна орилж, бухимдвал ямар ч үр дүнгүй шүү дээ. Өөрийн сэтгэлийг гадна талын юмс үзэгдэлтэй нийцүүлж байж л сэтгэл амгалан, жаргалтай байх боломжтой.
  29. Уурыг дарах арга замын нэг нь бусдыг энэрч хайрлах сайн сэтгэлийн бясалгал.
  30. Энэ орчлонд жаргалтай байх гэхээс илүү зовлонгийн шалтгаан маш их байна. 
  31. Асуудал, бэрхшээлийг хэрэгтэй талаас нь харвал сэтгэл шаналахгүй, гутрахгүй, хямрахгүй даваад гарах бололцоотой. 
  32. Физикийн ухаанд ч энерги устдаггүй. Тэгэхээр хүн үхээд бүх зүйл байхгүй болчихож байгаа юм биш. Сүнс нь дараа төрөл рүү явж байгааг шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрч байгаа.
  33. Бид дараа төрөлдөө сайн төрлийг ольё гэвэл 10 хар нүгэл буюу буруу үйлийг тэвчих хэрэгтэй. 
  34. Ямар ч үр дүнгүй, хэрэггүй чалчаад байвал бурхан ч болох боломжтой үнэ цэнэтэй биеийг дэмий зүйлд ашиглаж байна гэсэн үг.
  35. Сэтгэлээр үйлдэх гэдэгт нь хомхой сэтгэл, хорт сэтгэл, буруу үзлийг багтаадаг.
  36. Хомхой сэтгэл гэдэг нь бусдын юманд шунах, шуналаа гүйцээхийн тулд худлаа хэлэх, хулгай хийх. Хорт сэтгэл гэдэг нь атаархлыг хэлж байгаа юм.
  37. Бусдын нэр хүндийг унагаая, энэ надаас илүү гарчихлаа, энийг даръя гэдэг. Атаархал бол өөрийн сэтгэлийн амгаланг байхгүй болгохоос гадна бусдыг хорлодог.
  38. Буруу үзэл гэдэг бол дараа төрөл гэж байхгүй, үйлийн үр гэж байхгүй гэж үзэх нь  үзэл юм.
  39. Бурхны шашны сургууль номлолыг дан ганц сүсэг төдий биш, учир шалтгааны үүднээс судалж мэдээд хэрэгжүүлэх маш зөв шүү сүсэгтэн олондоо хэлмээр байна. 
  40. Зовлон үзэхээрээ буруу сэтгэлээ дарж, бусдыг өрөвдөж хайрладаг. Зовлон бэрхшээлд хүний омоглон, дээрэнгүй зан зэрэг буруу сэтгэлүүд хүчтэй дарагддаг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл