8o
Улаанбаатар хот
mobile menu

Цар тахлын хуулийн биелэлтийг хянах Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв

2020-10-29 11:28:48

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий "Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" тогтоолын төслийг баталлаа.

УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 13-ны 49 дүгээр тогтоолоор "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын бүх Байнгын хорооны дарга, намуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Харин 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэ УИХ бүрдэж, Байнгын хороодын дарга нарыг сонгож баталсантай холбогдуулан Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж батлах шаардлага үүссэн байна. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд, дээрх Түр хороог УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрөөр ахлуулахаар тусгажээ. Харин гишүүдэд нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, АН-ын төлөөлөл Б.Бейсен, УИХ-ын гишүүн, "Та бидний эвсэл"-ийн төлөөлөл С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, "Зөв хүн электорат" эвслийн төлөөлөл Т.Доржханд, УИХ-ын бие даагч гишүүн Н.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар тусгажээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 20-ны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн нар байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны саналаар Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг батлъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл