8o
Улаанбаатар хот
mobile menu

Шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр болон борлуулалтын цэгүүдэд ажиллалаа

2020-11-02 11:51:27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа.

Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний гурав, коксын, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Боломжтой бүх хүчин чадлаараа ажиллаж үйлдвэрийг хурдан хугацаанд бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай анхаарч ажиллаарай” гэв.

Дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний таван борлуулалтын цэгт ажиллаж, түгээлт борлуулалт хэрхэн явагдаж байгааг шалгалаа. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Иргэдээс түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх санал их ирж байна. Түлшний цэгүүд ихэнх нь зам дээр байрладаг. Хүн болгон машингүй, дээрээс нь өндөр настангуудын нөхцөл байдлыг бодолцон борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах шаардлага байна. Айл өрхүүд долоо хоногт зургаан шуудай түлш авдаг. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад ороход энэ тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.

12 дугаар хорооны борлуулалтын цэгийн борлуулагч “Өнөөдрийн байдлаар түлшний хангамж бүрэн ирсэн, борлуулалт хэвийн үргэлжилж байна. Түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй үүссэн асуудал одоогоор байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment