Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байгалийн гамшиг, гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэд болон төрийн албан хаагчдыг өнөөдөр бүртгэнэ. Гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэдэд түрээсийн орон сууцнаас таван хувийн квотыг олгожээ. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдэд 39.3 ам метр хэмжээтэй хоёр өрөө байр 10, 49.23 ам метртэй хоёр өрөө байр долоог хуваарилжээ.
Иргэд бүртгүүлэхдээ цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/, энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл, орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ийн хуулбар, үндсэн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагааг бүрдүүлсэн байна. Мөн байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан бичиг баримтыг бүрдүүлэх ёстой юм.