8o
Улаанбаатар хот
mobile menu

Зах, худалдааны төвүүдэд байршил тодорхойлсон QR наалтыг байршууллаа

2020-11-21 15:25:57

1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 20-ны өдөр 6 дүүргийн нутагт дэвсэрт байрлах 39 зах, худалдааны төв, жижиг дэлгүүр, 5 жижиг эмийн санд хяналт шалгалт хийсэн. Мөн Орхон, Баянхонгор аймгуудад хяналт шалгалт хийсэн.

2. Хүчит шонхор захын хувьд 10 цагт хаахаар шийдвэр гарсан тул 07:30 минутад очиход маш их хөл хөдөлгөөнтэй байсан. Жижиглэнгээр худалдаан хийж байгаа лангуунууд 8 цаг гэхэд махгүй болсон. Ерөнхийдөө махны нийлүүлэлт бага байна гэх тайлбарыг түрээслэгчид өгсөн. Тус захад өглөөний 8 цагийн байдлаар хонины ястай мах жижиглэнгийн үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн, хонины махны бөөний үнэ 700-1600 төгрөгөөр, үхрийн махны бөөний үнэ 500 төгрөгөөр, ямааны мах бөөний үнэ 700 төгрөгөөр өмнөх өдрөөсөө нэмэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 7 тонноор буурсан байна.

3. “Нарантуул -2” захын хувьд гадаа талбайн түрээслэгч нарын 50-60 хувь нь өглөө 04:30-08:00 цагийн хооронд ажиллаж, дотор лангуу түрээслэгч нар 08:00-09:30 цагийн хооронд ажиллаж байна. Нарантуул-2 захын менежер Г.Цээнэр, түрээслэгч нар хотын даргын гаргасан шөнө бараа татан авалтыг хийх шийдвэр нь хүндрэлтэй байгаа тул өөрчлөх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Тус захад махны нийлүүлэлт бага байна. Тус захад үхрийн цул мах 1000 төгрөгөөр, хонины цул мах 100 төгрөгөөр тус тус өссөн байна. Алтан тариагийн дээдийн дээд гурил 200 төгрөгөөр, дээд гурил 120 төгрөгөөр, 1 дүгээр гурил 200 төгрөгөөр тус тус үнэ нь өмнөх өдрөөсөө нэмэгдсэн байна.

4. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шөнийн захад хонины ястай мах 500 төгрөгөөр, хонины цул мах 500 төгрөгөөр, үхрийн цул мах 500 төгрөгөөр, адууны мах 500 төгрөгөөр өмнөх өдрөөсөө нэмэгдсэн байна.

5. “Номин” супермаркет /Их монгол салбар/-ийн хувьд 3 ээлжээр ажиллаж шөнө бараа, бүтээгдэхүүнээ татаж авч байна.

6. Жижиг дэлгүүрүүд шөнө бараа бүтээгдэхүүний захиалгаа хүлээн авч нойргүй ажиллаж байгаа бол зарим дэлгүүрүүд шөнийн цагаар татан авалтаа хийж чадаагүйгээс бараа бүтээгдэхүүний нөөц дуусч, хомсдол үүсч байна.

7. Сүү ХК-аас өдрийн цагаар хүнсний бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийлгэхгүй байгаагаас шалтгаалан малчдаас авдаг сүүний татан авалт тасарч байгаа, шөний цагаар түгээлт хийх нь сүүний чанарт сөрөг нөлөө үзүүлж байгаа, түгээлтийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөө үзүүлж байгаа талаар албан бичиг ирүүлээд байна.

8. Төвлөрсөн усан хангамж, дулаан дамжуулах, цахилгаан түгээх, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчдэд цар тахлын үед үйлчилгээний төлбөр тооцооноос шалтгаалан үйлчилгээндээ хязгаарлалт хийхгүй байж, төлбөрийн уян хатан нөхцөлийг хэрэглэгчдэд бүрдүүлж ажиллах талаар санал хүргүүлсэн.

9. Зах, худалдааны төвүүдэд байршил тодорхойлсон QR наалтыг байршуулж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх талаар албан шаардлага хүргүүлсэн.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment