8o
Улаанбаатар хот
mobile menu

“Утасны тухай үнэнийг өгүүлэхүй” сэдвээр арьс гоо заслын эмч, дотрын эмч, дархлаа судлаач, АУ-ы доктор Г.Ууганцэцэгтэй ярилцлаа

2020-11-25 14:33:00

Өнөөдөр бид АНУ-ын “AAFE” академид “PDO утас таталт”-аар мэргэшсэн эмч, АУ-ы доктор, арьсны эмч, дотрын эмч, дархлаа судлаач Г.Ууганцэцэгтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн 4 жил арьс судлалын салбарт ажиллаж байгаа бөгөөд бид Г.Ууганцэцэг эмчээс нүүр өргөдөг коллагентай утасны тухай асуусан юм .

-Сайн байна уу, таны ажил тавлаг уу?

-Сайн, сайн байна уу? Ажил төрөл тавлаг сайхан байна аа.

-Танаас сүүлийн үед хүүхнүүдийн хамгийн их сонирхож хийлгэх болсон хэдэн зүйлийн тухай асуух гэсэн юм. Коллагентай өргөстэй утас гэж яг ямар утсыг хэлдэг вэ?

-Сүүлийн үед хэрэглэж байгаа утсанд ямар ч коллаген байхгүй. Энэ бол ердөө маркетингийн арга юм. Анагаах ухааны хэрэглээгээр бол өргөс зорж, хэвлэж, эсвэл нааж суулгасан мэс заслын хайлдаг утас юм. Та бүхэн мэдэх байх мэс заслын утас 1 сараас авхуулаад бага багаар хайлсаар байгаад 6 сарын дараа бүрэн алга болдог. Өөрөөр хэлбэл бодисын солилцоогоор шээс, хөлс, өтгөнөөр дамжаад биеэс гадагшилдаг гэсэн үг. Нүүрэнд татаж байгаа өргөстэй утаснууд ч гэсэн яг үүнтэй адил байдаг.

Харин мэс заслын өргөстэй утсыг арьсан дор байрлуулаад өргөхөөр тэр утас байгаа хэсэгт арьсан дор сорвижилт үүсч түүний замыг даган шинэ коллагенэластинууд нийлэгжиж арьс чангардаг байх нь. Ийм болохоор нь коллагентай утас гэж хэлдэг байх. Уг нь коллаген үүсгэгч өргөстэй утас гэж хэлбэл зөв байх. Даанч энгийн хэрэглэгчид нарийн юм мэддэггүй болохоор зарим эмнэлгүүдийн сурталчилгаан дээр хэт бодит байдлыг төөрөгдүүлсэн, үйлчлүүлэгчдэд буруу ойлголт өгөхөөр мэдээллүүд явж байдаг.

Хэрвээ та манай “Queen’s med” эмнэлгийн утасны сурталчилгаа руу ороод харвал яг л үнэн зөв, бодит мэдээлэл байгаа.

-Татаад түгждэг, 360° өргөстэй гэх мэт реклам сурталчилгаа их явж харагддаг. Энэ нь яг ямар учиртай юм болоо?

-За тэгэхлээр 360°-ын өргөстэй утас гэж бас л байхгүй.  Энэ нь бол зүгээр л бас л нэг заль. 360° гэдэг бол яг дугуй тойрог гэсэн үг. Тийм тойрог өргөс байвал хийхэд ч төвөгтэй, үйлчлүүлэгчдэд ч тал тал руугаа хатгах зовиур мэдрэгдэнэ.

Тэгэхээр энэ өргөсийг нь утасны голын их биеийг тойруулан мушгиа хэлбэрээр байрлуулсан байдаг. Ингэвэл 360° биш болчихно. Гэхдээ утас үйлдвэрлэгч компани болон эмнэлгүүд 360°-тай өргөстэй утас гээд л хийгээд байдаг. Энэ нэг их онцын ач холбогдолгүй асуудал. Харин утасны өргөс нь нэг чиглэлт буюу unidirection хоёр чиглэлт буюу bidirection олон чиглэлт буюу multidirection гэж байдаг.

Тэгэхээр өргөсний чиглэл нь 1 чигт биш өөд өөдөөсөө  харсан юм шиг эсрэг чиглэсэн байвал үүнийг татаад түгждэг гэж хэлдэг. Энэ ч бас чухал биш. Яагаад гэхээр тэртэй тэргүй арьсан дор утас орвол өргөс нь SMAS давхаргын хальсанд  зууралдаж наалдаж татагддаг.

Хамгийн гол нь утсыг хийж байгаа хүний ур чадвар, техник л чухал байдаг. Хийж байгаа техникээрээ жинхэнэ утсаа татаад дээр нь түгжиж болдог.

-Та бидэнд утасны төрлүүдийг тодорхой хэлж өгөөч?

-Утсыг үндсэндээ хоёр ангилдаг. Шимэгддэг болон шимэгддэггүй утас гэсэн хоёр төрлийн утас байдаг. Энгийнээр хэлбэл мэс заслын зарим утас нь хайлаад алга болдог бол заримыг нь хэсэг хугацааны дараа хайчлаад авдаг шүү дээ.

Нүүрний утаснууд ч үүнтэй бас адил байдаг. Шимэгддэггүй утсанд Polypropylene,  Nylon, Polyester, PVDF, Silk, Stainless steel зэрэг найрлагатай утас ордог. Шимэгддэг утсанд PDO буюу Polydioxanone,  PLLA буюуPoly-L-Lactic Acid, PCL буюу Polycaprolactone, Polyglygolic acid, Polyglactin, Catgut, Polyglecaprone зэрэг найрлагатай утаснууд ордог.

Мэдээж арьс гоо заслын салбарт шимэгддэг утаснуудыг хэрэглэдэг. Тэр дундаа PDO, PLLA, PCL найрлагатай утаснуудыг илүү хэрэглэдэг

PDO нь ягаан өнгөтэй 6 сарын дотор хайлдаг утас байдаг. PLLA нь цагаан өнгөтэй 2 жилийн хугацаанд хайлдаг утас байдаг. PCL нь шингэн, хатуу 2 төлөвтэй байдаг. Шингэн PCL-г тарилга хэлбэрээр хийдэг. Хатуу төлөвтэй нь цагаан өнгөтэй 2 жилийн хугацаанд хайлдаг хатуу утас байдаг.

-Яг ямар утас нь илүү сайн бэ?

Утас бүхэн өөрийн онцлогтой.  PDO утаснууд 6 сарын хугацаанд хайлдаг учраас хийхэд эвтэйхэн үйлчлүүлэгчид ч зовиур шаналгаа багатай байдаг. Гэхдээ удаан барьдаггүй 1-1,6 жил болдог.Хүмүүс ихэвчлэн 2-3 жил барина гэж рекламддаг. PDO утсан дээр бол хэзээ ч 3 жил барихгүй.

PLLA, PCL найрлагатай утас 2 жилийн хугацаанд хайлдаг удаан барьдаг. Гэхдээ их хатуу. Дан ийм утсаар хийвэл хүнд зовиуртай хатуу юм байнга мэдрэгддэг. Жишээ нь, АНУ-ын Silhouette Soft утас бол их хатуу PLLA найрлагатай утас  хийлгүүлсэн хүн удаан зовиуртай байдаг. Сайн тал нь арай илүү хугацаанд барьдаг.

Би бол PDO, PLLA, PCL утаснуудыг хольж хийх дуртай. Бэхлэх ёстой газар нь хатуу утаснуудаасаа хийнэ. Шаардлагагүй зүгээр татах газраа PDO утсаа хийнэ. Ингэвэл үйлчлүүлэгчид ч эвтэйхэн удаан ч барьдаг. Гэхдээ би үйлчлүүлэгчийнхээ арьс, булчин, нас, хувь хүний онцлог зэргийг нь харж байгаад шийддэг.

-Утас татахад эмчийн ур чадвар чухал уу, утасны чанар чухал уу?

-Аль аль нь чухал. Утсанд сунгалтын хүчээ хадгалах байдал, хайлах хурд гэсэн хоёр гол үзүүлэлт байдаг. Утас сунгалтын хүчээ алдаж, масс нь буурснаар шимэгдэж эхэлдэг. Эхний 14 хоногт утас анхдагч массынхаа 25-30%-ийг алддаг. 1 сарын дараа 50%-ийг алддаг. Дахиад 14 хоноход 25% нь хайлна.

180-210 хоногт утас бүрэн шимэгдэж дуусдаг.Тэгэхээр хэт их сунадаг, хэт их амархан эсвэл хэтэрхий удаан шимэгддэг, амархан хугарч нугардаг утас муу байх нь.

Найдвартай том компанийн утаснууд нь ихэнх нь дажгүй байдаг. Эмчийн ур чадварын хувьд энэ эмч хэдэн жилийн туршлагатай, хаана энэ ажилбарыг сурсан, хэдэн кэйстэй зэргийг нь асуух хэрэгтэй. Энэ ажилбарыг арьс гоо заслын эмч л хийх эрхтэй.  Гэтэл хүүхнүүд гэмтлийн эмчээр нүүрэндээ утас хийлгэчихээд л явж байдаг. Хүндрэл гарвал яах вэ? Тэрийгээ хариуцаж чадах уу? гэдэг нь бас нэг чухал асуудал байдаг.

Надад АНУ, Солонгос, Монгол багш нараасаа сурсан хэд хэдэн техник бий. Хүнээ харж байгаад аль нь тохирохыг нь хийдэг дээ.

-Та хаана утас, таталтаар суралцаж яг юу сурсан бэ?

-2018 оны 11 сард АНУ-ын Лас Вегас хотод очиж“American Academy of Facial Esthetics”гэдэг академийн маш үнэтэй сургалтад суралцаж PDO утсаар нүүр өргөх ажилбар хийх албан ёсны эрхтэй болж байсан. Энэ академид суралцсан ганцхан монгол арьс гоо заслын эмч болсон. Дараа нь энэ академидаа ботокс, филлерийн анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны курст суралцаж, ботокс филлер хийх эрхтэй болж тодорхой хэмжээний ур чадвар эзэмшсэн.

  • Энэ академид дэлхийн олон орноос эмч нар ирж суралцдаг бөгөөд эхлээд онолоо үзчихээд дараа нь шууд практик дээрээ хийж юмаа сурдаг. Мөн Солонгос,Тайланд, Монгол багш нарын олон жижиг сургалтуудад сурч байсан.Энэ олон сургалтанд суухдаа хэд хэдэн чухал зүйлийг сурсан.
  • Мөнгө чухал биш хийж байгаа ажлаа онолын мэдлэгтэйгээр дээд зэргээр хийдэг байх. Зүгээр нэг дартс тоглож байгаа юм шиг биш бүх юмаа мэргэжлийн түвшинд хийх ёстойг ойлгож дахиад л 1-р курстээ үздэг анатомио үзэж эхэлсэндээ. 
  • Patient selection буюу үйлчлүүлэгчээ зөв сонгох
  • Ямар хүнд, ямар техникээр хийхийг
  • Хүндрэл гарвал ямар арга хэмжээ авахыг сурсан даа.

-Утас татуулахад ямар хүндрэлүүд болон сөрөг нөлөө гарч болох вэ?

-За энэ маань бас 1 ажилбар учраас хүн хамгийн түрүүнд бага зэргийн өвдөлт мэдэрнэ. Бас ажилбарын явцад хавдалт, улайлт, хөхрөлт үүсч болно. Том судас хагарвал цус хуралт буюу гемотом үүсч болно. Утас нь тасарч болно. Утас тасарвал сугалж гаргах боломжгүй учир тэр чигт нь үлдээнэ. Бас судас дарагдаж болно.

Мэдрэл дайрвал ховор тохиолдолд саа саажилт үүсч болно. Арьсанд хонхорхой хотгор нүх, төвгөр, товгор байдал үүсч болно. Ховор тохиолдолд утас бол гаднын биет учраас харшил өгч болно,үрэвсэж болно.

Сайн, туршлагатай эмчээр хийлгэвэл дээрх эрсдэлүүд бага гарна. Хүндрэл тохиолдвол сайн эмч бол ямар арга хэмжээ авахаа ч мэднэ.

-Танай эмнэлэгт утас татуулахын давуу тал юу вэ?

-“Queen’s med” клиникт утас татуулах олон давуу тал бий шүү.

1.Бидэнд ёс зүй гэж чухал юм бий. Би гоё болох боломжтой бол тэрийг нь л хэлнэ. Боломжгүй бол худлаа юм хийж мөнгө авахгүй. Зарим эмнэлгүүд хэт хөгшин эсвэл хэт залуу эсвэл шаардлагагүй юман дээр утас хийгээд мөнгө авсан байдаг. Манайх бол тэгэхгүй. Яг үнэнийг хэлнэ.
Манай клиникт яг мэргэжлийн арьс гоо заслын эмч энэ процедурыг хийнэ

2. Ариутгал халдваргүйжүүлэлтийг дээд зэргээр хийсэн тусгай агааржуулалттай, автомат хаалгатай, ариун өрөөнд ажилбараа хийдэг . Бид халдвар оруулахаас үнэхээр айдаг. Эмч хүний айх ёстой зүйл бол эмнэлгийн халдвар яах аргагүй мөн билээ. Тиймээс бид ариун халдваргүй орчинд үйлчилгээ үзүүлдэг.

3.Бид нар үйлчлүүлэгчээ зөв сонгож, үнэлж байж хийдэг .

4.Цөөхөн утас хийж их мөнгө авдаггүй. Шаардлагатай утсыг нь шаардлагатай тоогоор нь л хийнэ

5. Мөн хамгийн чанартай утсыг хэрэглэдэг зэрэг давуу талуудтай

-Та түрүүнд Patient selection  буюу үйлчлүүлэгчээ сонгож татах нь чухал гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү .

-Утас таталтад энэ хамгийн чухал асуудал хэт залуу, хэт хөгшин, хэт их унжилттай, эсвэл хэт масс ихтэй хацартай, өвдөлтөөс айдаг, юмыг бодит бусаар төсөөлдөг, арьсны өөрийн чанар муу,хэт нимгэн арьстай, өмнө нь нүүр татах мэс засалд орж байсан, хүзүү эрүүний арьс нь хэт суларсан,цус шингэлэх эм их уусан, ямар нэг халдвартай зэрэг өгүүлэмжтэй хүнд бараг л хийхгүй дээ.

Хийгээд ч гоё үр дүн гарахгүй. Харин өөрөө байгалиасаа тайван, дунд зэргийн үрчлээтэй, бага болон дунд зэргийн унжилттай,өмнө нь мэс засал хийлгэж  байгаагүй 30-60 насны арьсны чанар сайтай хүнд утас хийхэд гоё болдог. Иймээс эмч үйлчлүүлэгчээ харж үнэлж байгаад үйлчлүүлэгчээ сонгож хийх нь зөв байдаг

-Утас таталт хэр зэрэг аюултай вэ?

-Өө аюултайгаа хүрвэл бүх юм аюултай. Халдвар, харшил, саажилт, цус хуралт юу л бол юу тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ сайн туршлагатай эмч хийвэл утаснаас айх зүйлгүй.

Ер нь өвдөлтгүй гоо сайхныг олж авна гэдэг бараг байхгүй. Тариа хийлгэсэн ч өвдөнө. Хэсгийн мэдээ алдуулалт хийхэд хүн бага зэрэг өвдөлт мэдэрнэ тэгээд л боллоо. Эмчдээ итгээд сэтгэлдээ сайхан зүйл бодоод хийлгэвэл гоё болноо. Ер нь утас хийлгэсний дараа 7-14 хоног гоё сайхан муухайн талаар ярих хэрэггүй. Энэ үед хавдартай эмзэглэлтэй байна. Энэ үеэ тэвчээртэй өнгөрөөчихвөл 1-2 сарын дараа аажимдаа гоё болдог. Энэ нь шинэ коллаген үүсэх хугацаатай холбоотой байдаг.

Утсыг эхний 3 жил ойрхон хийлгэчихвэл дараа дараагийн жилүүдэд унжилт харьцангуй бага байдаг.

-Ер нь ямар хүмүүс утас татуулбал зүгээр байдаг вэ?

-Их сайхан, эерэг бодолтой, сэтгэл санаагаа бэлдсэн тайван дунд зэргийн настай, дунд зэргийн унжилттай, хамар уруулын гурвалжингийн зураас гүн сууж байгаа, эрүү завьж унжиж байгаа хүмүүст илүү тохиромжтой байдаг. Мөн 1 зүйлийг хэлэхэд энэ бол мэс заслын бүтэн таталт биш учраас 80-90%-ийн үр дүнтэй байдаг. Бас бүр хэт их зүйл хүлээх хэрэггүй. Гөлийсөн гөлчийтөл нь татахаар царай төрх өөрчлөгддөг учраас яг тухайн хүндээ тохируулж л хийвэл гоё байдаг.

-Хамрын утас бусад утаснаасаа ялгаатай байдаг уу? Хамар утсаар өөрчлөх ажилбарын тухай ярьж өгөөч.

-Хамрын утас бол өргөлтийн утсаа бодвол 2-3 дахин бүдүүн байдаг. Доод суурь хэсэгт нь шонтойлгож өгдөг утас нь 2-3утасны филаментээс бүрддэг зузаан хатуу утас байдаг.

Нуруунд хийдэг утас нь 50-60 мм, суурь хийдэг утас нь 38 мм урттай байдаг. Ихэвчлэн PDO найрлагатай утсаар хийдэг. Хамрын утсыг хийхдээ эхлээд процедур хийлгэх зөвшөөрлийн хуудас авна. Дараа нь зураг авна, тэгээд талбайгаа ариутгана, тэгээд мэдээ алдуулалт хийнэ. Ингээд утсаа оруулж эхэлнэ.

Хамгийн эхэнд хамрын нурууны утсаа хийж сүүлд нь шонтойлгож өгдөг суурь утсаа хийнэ. Дунджаар 4-6 утас хийдэг. Зарим тохиолдолд 8-10 утас орно . Хамран дээр хэдэн утас орох нь чухал биш хүнийхээ онцлогт тааруулж хийх нь чухал байдаг.

Ихэвчлэн охидууд, залуу бүсгүйчүүд хийлгэдэг. Халдвар орох, судас дарагдах хүндрэл бас гардаг. Нүүрний булчингийн хөдөлгөөнөөр утас орсон нүхээр утас ил гарч цухуйх тохиолдол байна. Тиймээс зөв газраа сайн техникээр, сайн эмчээр хийлгэх нь чухал байдаг.

-Хаана үйлдвэрлэсэн утсыг хэрэглэвэл илүү сайн бэ?

-АНУ, Гүрж, Солонгос улсад үйлдвэрлэсэн сайн чанартай утаснууд одоо орж ирж байгаа. Хамгийн гол нь утсыг хадгалсан байдал нь л чухал байдаг. Утсыг хөлдөөсөн эсвэл хэт халуун орчинд байлгасан,амыг нь задлаад хэрэглээгүй удсан бол утас амархан хугарч мууддаг.

АНУ-ын“Silhouette Soft” үнэтэй, хатуу байдаг учраас хүмүүс цөөн хийлгэдэг. Гүржийн “Aptos” бол бас л сайн утас. Монголчуудад хамгийн боломжийн утас нь Солонгосынх байдаг. Ойрхон газраас ирдэг, үнэ боломжийн чанар сайн байдаг.

-Та яагаад арьс гоо заслын салбарыг сонгож судлах болсон бэ?

-Та бүхэн намайг 10 жил “ТВ Доктор” нэвтрүүлгийг хөтөлснийг зарим нь санаж байгаа байх. Би уг нь уламжлалт, дотрын эмч, сүүлийн 5 жил арьс гоо заслын салбарт үнэхээр их дурласан. Нэвтрүүлэг хөтлөх бол залуу насны ажил. Цаашид би юу хийх вэ? гэж үргэлж боддог байсан. Тэгээд би энэ салбарт ажиллахаар шийдэж, бүр эхнээс нь 2016 онд 37 настайдаа арьсны резидент болж 2 жил суралцаж албан ёсоор арьсны эмч болсон.

Түүнээс хойш байнга суралцсаар байна. Энэ салбар маань маш сонирхолтой. Олон шинэ зүйлээр дүүрэн, бусдад гоо сайхан, аз жаргалыг бэлэглэдэг болохоор би ажилдаа их дуртай байдаг. Гэхдээ бас өндөр хариуцлагатай салбар.

-Танд манай уншигчдад хандаж өгөх зөвлөгөө, зөвлөмж байна уу?

-Хэт их фантазтай реклам сурталчилгаанд хууртах хэрэггүй. Зөв газраа сонгож яг мэргэжлийн эмчтэй мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ авч байгаарай. Бас үнэ,хямдрал зэрэгт хууртах хэрэггүй. Хямд юм чанаргүй байдаг хуультайг санаарай.Өөрийнхөө гоо сайханд хамгийн шилдэгийг зориулж байгаарай гэж хэлье.

Чин сэтгэлээсээ сайхан ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

ХАЯГ: 13-р хороолол, Натурын баруун талд Ub tower оффисын 6 давхарт "Queen's med clinic and luxury salon"

Холбоо барих утас: 80905848, 99645848, 99025081, 99055848

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Otgoo
une hed be
2023/11/18 202.9.40.117
баярлалаа
360° өргөстэй гэдгийн учирыг олллоо
2020/11/26 66.181.161.40
Gombo
Bayar hurge
2020/11/25 202.55.188.108
ёё
ийм нарийн юм байдаг юм уу
2020/11/25 66.181.161.109
queen med
Утас гүйлгэх хэр үр дүнтэй вэ
2020/11/25 66.181.161.109
тиргэн
ямар гоё эмэгтэй вэ
2020/11/25 66.181.161.36