8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Золжаргал: Иргэн Б өөрийгөө халдвартай гэж мэдээгүй, хувийн машинаараа хүнс тээвэрлэж ирсэн

2020-11-30 11:45:06

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалаас тодруулга авлаа.

-Онош батлагдсан иргэнийг яаж илрүүлсэн бэ? Хотоос хавьтал болсон иргэн байгаа талаар мэдээлэлхэзээ анх ирсэн бэ?

-Улаанбаатар хотод батлагдаад буй хувийн эмнэлгийн бариачийн нэгдүгээр хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээлэл 11-р сарын 27-нд ХӨСҮТ болон аймгийн Тагнуулын газраас ирсэн даруйАОК-оос шуурхай бүлэг явуулж, тухайн иргэнийг гэрт нь тусгаарлалтад авсан. Эхний ээлжинд тухайн өрх болон хот айлын нийт 9 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гэрийн эзэн Б-ийн хариу эерэг гарсан учир 9 хүний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотруу явуулж PCR-ааршинжилгээ хийлгэсэн байгаа. ИнгээдPCR шинжилгээний хариугаар иргэнБ болон түүний хүүгийн хариу эерэг гарч, вирусийн 2 тохиолдол бүртгэгдсэн.

-Тухайн иргэний явсан маршрутыг тогтоосон уу?

-Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд 11-р сарын 15-нд ирсэн. Архангай аймгийн Батцэнгэл сум болон бусад явсан газруудын бүх маршрутыг АОК-оос тогтоогоод нэгдүгээр болон хоёрдугаар хавьтлуудыг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэх арга хэмжээг аваад ажиллаж байна. Улаанбаатараас гараад Лүн,Баяннуур, Дашинчилэн, Өлзийт сумдын постоор өнгөрөөд Батцэнгэл сумын төвд ирж дэлгүүрийн бараа буулгаад сумын төвөөс 35км-ийн зайд орших гэртээ харьсан байна. Өвөлжөөн дэхь гэртээ байхад нь малаа хайж очсон иргэн болон сумын төвөөр орсон, дэлгүүрт уулзсан, банканд уулзсан бүх иргэдийн хавьталыг тогтоогоод эхний ээлжинд сумын төвд тусгаарлаад байна.

-Тухайн иргэнийг ачааны машинд нуугдаж очсон гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ тал дээр?

-Ачааны машинд нуугдаж очсон зүйл байхгүй. Иргэн Б хөл хорио тогтоохоос өмнө буюу 11 сарын эхээр хувийн ажаар УБ-д эхнэр 2 хүүхдийн хамт очоод хөл хорионд орсон. Энэ хугацаанд бариачаар 2 удаа бариа хийлгэсэн байна. Ингээд 11-р сарын 15-нд Батцэнгэл сумын хүнсний дэлгүүрийн гурил болон хүнсний бүтээгдэхүүнийг ачаад сумандаа ирсэн. Ирэхдээ өөрийн хувийн Бонго маркын автомашиныг өөрөө жолоодож, эхнэр хүүхдийн хамт ирсэн.

-Тухайн иргэн өөрийгөө ойрын хавьтал болсноо мэдсэн байсан уу?

-Мэдээгүй байсан. 11-р сарын 27-нд АОК-ын шуурхай штабын багийг очиход л өөрийгөө 1-р хавьтал гэдгээ мэдэж, шинжилгээнд орсон.

-Одоо хоёр тохиолдол илэрлээ. Тусгаарлаж байгаа хичнээн иргэн байгаа вэ? Аймгийн хэмжээнд ямар зохион байгуулалтад орж ажиллаж байна вэ?

-Иргэн Б болон түүний гэр бүлийнхэнтэй 1-р хавьталын 53 иргэнийг Батцэнгэл суманд тусгаарлаад ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 2-р хавьталын 100 гаруй иргэнийг гэр гэрт нь тусгаарлаад байна. Ингээд 1-р хавьтлуудын болон 2-р хавьтлуудыг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байгаа. Гэхдээ өнөөдөр Зоонозын өвчин судлалын төвийн явуулсан PCR шижилгээний машин манай аймагт ирэх тул эдгээр хүмүүст PCR-ийн шинжилгээ авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Аймгийн хэмжээнд Батцэнгэл, Ихтамир сумдад 12-р сарын 1 өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоон, ажиллаж байна.

-Орон нутагруу зорчих хөдөлгөөн нээхтэй холбоотой баруун аймгуудруу Архангайгаар дайрч явдаг байгаа. Энэ тал дээр зохицуулалт хийсэн үү?

-Баруун аймгуудын хүнс тээвэр, өвс тэжээл ачсан тээврийн хэрэгсэлүүд зааврын дагуу явж байгаа. Ганцхан шаардлага нь Ихтамир сумаар дамжин өнгөрөхдөө зогсохгүй өнгөрөх ёстой юм.

-Хоёр суманд ТЭГ зогсолт хйисэн байна. Бусад суманд халдвар тархсан байх магадлалтай байна? Яагаад бусад сумдад 0 зогсолт хийгээгүй вэ?

-Бусад 17 сум болон Аймгийн төвд халдвартай иргэний 1,2-р хавьталын иргэн байгаа нь одоогоор тогтоогдоогүй байна. Явсан бүх маршрутыг тандалт судалгааны баг гаргасан. Хэрвээ PCR шинжилгээгээр дахин халдвартай иргэн батлагдвал, түүний явсан замын зураглал, хавьтлуудыг тодорхойлж, бусад сумдаар зорьчсон тэмдэглэл үүсвэл тэр даруй хариу арга хэмжээ авч ажиллана. Тиймээс аймгийн хэмжээнд хатуу хөл хориог чангатгаж,  ТЭГ зогсолт хийгээгүй ч, ард иргэдээ илүү сонор сэрэмжтэй байж, нэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гарвал маскаа зүүж, ариутгал дэглэмээ сайн баримтлахыг уриалж байна. Тэгж бид хавьтлыг түргэн шуурхай хумих арга хэмжээ авч чадна.

-Идэш авахаар очоод хавьтал болсон 3 иргэн байна. Тэгэхээр идэштэй холбоотой бусад сумруу зорчих асуудал байгаа юу?

-Ихтамир суманд иргэн Б-ийн аав ээж байдаг. Ихтамир сумаас Батцэнгэлд хүүхдүүд дээрээ очоод идэшээ аваад нэг хоноод буцсан. Тухайн гурван иргэнийг тусгаарлаад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байгаа. PCR-ийн шинжилгээний сорьцийг УБ-руу явуулсан хариу гараагүй байна. Идэшний асуудал дээр АОК-ийн шийдвэр гаргаад постон дээр солилцох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-PCR-аар хэдэн иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулаад байна вэ?

-Өнөөдөр Батцэнгэл суманд PCR-ийн явуулын лабаратори ирж ажиллах учир 1,2-р хавьталын 150 гаруй иргэнээс PCR-ийн шинжилгээг эндээ авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Цаашдаа Батцэнгэл сумын өрх бүрээс 1 гэдэг байдлаар түүвэрлэн шинжилгээнд хамруулах хүсэлтийг ЭМЯ-д хүргүүлээд байна.

-Та ярилцлагын төгсгөлд ард иргэддээ хандан уриалга хүргүүлэхийг хүсье.

-Хэдийгээр Архангай аймагт  өвчин бүртгэгдсэн ч хорио цээрийн дэглэмээ сайн сахиад онцын шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй, гарвал маскаа зүүж, хүн хоорондын зайгаа хатуу чанга баримталж байхыг уриалж байна. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэх шаардлагатай бол хэт их үймэх, бөөгнөрөл үүсгэж хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг иргэддээ хэлмээр байна. Аймгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа учир бид цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийнхээ хүнсний хэрэгцээг үүдэнд нь хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгамаар байна. Хамгийн гол нь бид эрүүл аюулгүй байдлаа хангах нь чухал юм шүү.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment