8o
Улаанбаатар хот
mobile menu

600 мянга га бэлчээрийг доройтлоос хамгаалахаар малчид нэгджээ

2020-12-05 13:27:00

БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл”  төслийнхөө зорилтот аймаг, сумдын малчдын санаачлагыг дэмжиж засаг захиргаа, малчидтай хамтран 2019 оноос Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт говь, хангайн бүс нутгийг төлөөлсөн төслийн 4 аймгийн 13 сумын 2396 малчин өрх хамрагдаад байна. Тэд 600 мянга га бэлчээрийг доройтлоос гаргахаар нэгдэж байгаа юм.

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Мянгат малчин Н.Ганчимэг: “Сумандаа бидний ашиглаж байгаа бэлчээрийг гаднын хэн нэг хүн биш  нутагтаа байгаа бид л эзэмшдэг. Тиймээс малчид бид л санаачилгаараа  малын тоо толгойгоо даацад нь тохируулахгүй бол ирэх жилүүдэд хүрэлцээгүй болох биш бүр бэлчээргүй болох аюул тулгараад байна. Манай сумын бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн тухай сонссон. Бэлчээр байхгүй байхад би хэчнээн мянган малтай байгаад юу  идүүлэх билээ?  Тэрнээс гадна өөрийгөө бодоход ч 1000 малын араас хөөцөлдөж авч байгаа ашгаа 500 малаас авчихна гэж бодохоор  биед амар, бэлчээртээ, байгальдаа ч ээлтэй юм. Цаашид малчид бид ганц ганцаараа малаа олон тоогоор өсгөх биш зохион байгуулалтад орж хөдөлмөрөө хорших цаг болсон гэж бодож байна.” гэсэн юм.

Малчин Н.Ганчимэг бэлчээрийн доройтлыг бууруулахын төлөө зөвхөн малаа цөөлөөд зогсохгүй бэлчээрээ зөв зохистой ашиглах алхам хийж эхэлсэн байна. Тэрээр өөртэйгөө ижил 1000 малтай 2 малчинтай  хамтран “Марааны булаг” нэртэй бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулан Cумын засаг даргатайтайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулжээ. Гэрээний зорилго нь товчхондоо  малынхаа тоог бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, малынхаа тоо толгойг бэлчээртээ тохируулан жил бүр 5 хувь бууруулах асуудлыг тусгажээ.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл эдгээр малчдын бүлгийн хамтын зохион байгуулалтыг бэхжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх,  бүлгийн малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах , эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх,  байгалийн нөөц, баялгийг ашиглах, хамгаалах зэрэг чиглэлүүдийг багтаасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл