8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордныг хамгаалалтанд авч, Төрийн ажил гацаж, Түвдын сургуулийн монгол оюутан Энэтхэгт амиа хорлосон өдөр

2016-03-29 19:38:00

Шинэ долоо хоног эхлээд аль хэдийнэ хоёр өдөр өнгөрчихөж. Ихийг бодож, төлөвлөсөн ажлаа амжуулж, хайрлахын хүссэн хүмүүсээ хайраар дүүргэж, итгэлийг нь алдсан хүнийхээ сэтгэлд өөрийгөө уучлах зай үлдээсэн биздээ. Амьдралын зам хэзээ ч шулуун шугам шиг дардан байдаггүй. Алдаж, онож гол нь түүнээсээ суралцахын хажуугаар баярлах, уучлахыг зэрэгцүүлж л байвал та бага ч гэсэн утга учиртай амьдарч байна гэсэн үг. Маргааш Дэлхийн эмч нарын өдөр. Таны эрүүл мэндийн төлөө нойр хоолоо умартан байж зүтгэдэг цагаан халадны эздэд та талархал илэрхийлээрэй. Өвдөж зовохын эрхэд бид энэ л хүмүүсийн гарт өөрсдийгөө даатгаж, өргөсөн тангарагыг шаарддаг атлаа эдгэж, эрүүл болсоныхоо дараа эргэж талархсанаа илэрхийлдэг нь хэд билээ. Тиймээс та маргаашийн боломжийг алдалгүй ашиглаж, баярласан сэтгэлээ хэлээд аваарай.  Эмч хүнд эмчлүүлсэн хүний сэтгэлийн үгээс өөр хамгийн том шагнал байхгүй дээ.

Ингээд хаврын дунд цагаагчин туулай сарын есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдрийн “Монголын нэг өдөр” тоймын хүргэж байна.

Өнөөдөр манай хуудаснаа

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ зардлаар 836 саяын байртай болсон С.Сувдаа гэж хэн бэ?

Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг. Энэ бол үе үеийн сонгуулийн ялалт даган ирдэг албан тушаалын бялуу хуваалтаар “Эрдэнэт” гэх их айлыг толгойлсон эрхмүүдийн нэрс. Эдгээр нэрсийн хамгийн сүүлд нь Ц.Даваацэрэн бичигдэнэ. Өмнөговь аймгийн уугуул, бас чиг болоогүй аймгийн заан цолтой энэ эрхмийг АН-ынхан итгэл хүлээлгэн, илгээлт өвөртлүүлж, “Эрдэнэт”үйлдвэр лүү илгээснээс хойш даруй гурван жил гаруй хугацаа өнгөрчээ. Мэдээж АН-ын супер томилгооны эзэн очсон даруйдаа хүчээ харуулж “Манай скалааданд  үйлдвэрийн нөхцөлд хэрэглэх шаардлагагүй 10 тэрбум орчим бараа материал, техник технологи байна. Эрдэнэтийг шахааны бизнес хийх нүдээр хардгаа болих хэрэгтэй” гэсэн утга бүхий мэдэгдэл хийж, зах зээлд тэдгээр бүтээгдэхүүнээ борлуулах болсноо мөн дуулгаад амжсан. Одоо л нэг гэж байтал төд удалгүй  Ц.Даваацэрэнгийн гуйл нь цухуйж, албан тоот тушаал гаргаж,  тус үйлдвэрийн Материал, техникийн хангамжийн хэлтсийн менежер, ажилтнуудын албан ажлын өрөө, ширээ, сейф зэрэг эд зүйлд шалгалт буюу нэгжлэг  хийсэн нь нэг хэсэгтээ л олны амыг ангайлгахад хүрсэн билээ.

Энэ явдлаас хойш түүний хууль бус томилгоо, шахааны талаар хэвлэлийнхэн мэр сэр онцолдог байсан ч нэг ам ангайлгаж, эрүү мултлах шахсан нь сүүлийн үеийн дуулиан юм. Хэдэн мянган евроны цалингийн нэмэгдэл, хэдэн зуун саяын байрны урьдчилгааны талаарх ноцтой баримт дэлгэгдэхэд ийм цалинтай, боломжтой ажлын байр байдаг гэж үү хэмээн гайхширч, зарим нэгийг нь шүлсээ гоожуулахад хүргэсэн. Тодруулбал "Эрдэнэт"-ийн дарга нарын нэмэгдэл цалин 1800-3600 евро буюу монгол мөнгөөр дунджаар 4 саяас 8 сая төгрөг, гэрээний дагуу дэмжлэг авдаг гэх хүмүүс 9000-45 000 евроорон сууцны дэмжлэг авсан хүмүүс 244 саяас 800 сая хүртэлх төгрөгийн байр авчээ. Гэвч гол учир нь энэхүү цалингийн нэмэгдэл, байрны урьдчилгаа нь гол ажилчид буюу хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөдөг уурхайчид нь биш үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн хүмүүс буюу түүний дагуулж авчирсан хүмүүс гэх. Үйлдвэрийн удирдлага нь өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлээд зогсохгүй зөвхөн тэднийхээ хүрээнд бялуу хувааж тансаглацгаадаг нь ихээхэн сонирхол татаад байгаа юм.

Ямар сайндаа л насаараа “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан Харуул элкений тэтгэвэрчин- зохиолч Н.Батсуурь гэх хүн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнд ил захидал бичиж, “Ц.Даваацэрэн даргаа надад 700 сая хэрэггүй ээ. 70 сая л хангалттай. Би энэ үйлдвэрт 20 жил ажилласан анхны ажилтны нэг байна.Тэтгэврийн нөхөрт байр хэрэгтэй байна Таныг надад дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэхэв. Бид энэ удаа дэлгэгдсэн баримтаар хамгийн өндөр дүнгээр байр авсан  Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал С.Сувдааг онцолж байна... Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

 

"Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд ХҮН-ын дарга боллоо

"Алтан дорнод Монгол”-ын захирал, "хамар” Т.Ганболдыг улстөр, бизнес хүрээнийхэн андахгүй. Тэрбээр хэдэн сарын өмнө МАН-ын гишүүнээсээ татгалзаж, ХҮН-д элссэн билээ. Т.Ганболд 2008 онд МАН-ыг МАХН нэртэй байхад нь элсэж, Бага хурлын гишүүнээр хүртэл сонгогдож байсан ч чухам яагаад ХҮН-ийг сонгох болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм.  Тэгвэл хөрөнгө мөнгөнийхээ хүчээр ХҮН-д хүчтэй байр суурь эзэлж эхэлсэн Т.Ганболд ХҮН-ын шинэ дарга болжээ.

ХҮН-ийнхэн сүүлийн үед хөдөлгөөнтэй байсан. ХҮН “хүн” болж ч амжаагүй хөлөө жийлцэж эхэлсэний шалтгаан нь намын даргын суудал. С.Ганбаатар, Б.Найдалаа нарын дунд өрнөсөн энэ тулаан дээд цэгтээ хүрч Улсын дээд шүүхээр шийдүүлэх дээрээ тулсан ч шүүх анхны намын даргад нь үүрэг хариуцлагыг нь тохоон томилж, намынхаа дотоод асуудлыг шийдэх боломжийг нь олгосон юм. Тэгвэл багагүй хугацаанд үймээнтэй байсан ХҮН-ийнхэн учраа олж  улс төрд төдийгүй бизнест өөрийн гэсэн орон зайтай Т.Ганболдоор ахлуулахаар нэгэнт шийдэлд хүрчээ. Т.Ганболдын хувьд намыхан дундаа С.Ганбаатартай ойр байдаг хүмүүсийн нэг. Тиймдээ ч энэ өнцөгөөс харахад намын даргын төлөө өрсөлдсөн Б.Найдалаагийн талынханд хүндхэн байдал үүсч мэдэхээр болсон байна... Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж уншаарай:

 Өнөөдрийн дуулиан

Төрийн ордныг хамгаалалтанд авлаа

УИХ-ын ээлжит бус чуулган өнөө өглөө 09.00 цаг эхлэхээр байсан ч хойшилсоор өнөөдрийг дуусгалаа. Учир нь чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч эл асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэлтэй ч жагсаал цуглаан хүртэл хийсэн юм.  Үүнтэй зэрэгцээд УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж цөмийн хаягдлын тухай асуудлыг хэлэлцүүлнэ гэжээ. Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байхад учир зүггүй яарч цөмийн хаягдлын асуудал хэлэлцэх гээд байна вэ. Үүнд хамаг асуудал байна гэж үзээд манай бүлгийн гишүүд энэ чуулганы ирцийг бүрдүүлэхгүйн тулд хуралд оролцохгүйгээр шийдсэн.Урьд өмнөх шигээ манай  бүлгийг хурлын ирц бүрдүүлж өгсөнгүй, улсын хөгжилд саад боллоо гээд л улиг болсон үгээ хэлэх байх” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дээрх асуудлыг хуульчлан төсөл болгон өргөн мэдүүлэхээр болоод байна. Энэ чиглэлийг ч УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт өгчээ. Өөрөөр хэлбэл  Засгийн газрын өргөн мэдүүлсэн дээрх конвенци хэвээрээ байх юм байна. Нэмж оруулж ирэх төсөл нь 2011 оны есдүгээр сард гарсан Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийг албажуулах зорилгоор дагаж мөрдөх хуулийг боловсруулж гаргах чиглэлд аж. Ингэснээр хуулийн төслийг конвенцитой хамтад нь хэлэлцэн хуультай болгох юм байна. Гуравдугаар сарын 31-нд Олон улсын цөмийн энергийн агентлагийн хурал болох юм. Энэ хурлаас урьтаж холбогдох конвенциудыг батлах шаардлагатай байгаа билээ. УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг өнөөдөр хуулийн төслийг өргөн бариад 30, 31-ний өмнө конвенциудтайгаа давхар батлаад гаргах боломжтой гэж үзэж буй аж.

Чуулганаар хэлэлцэх цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай асуудлаас үүдэн өнөөдөр иргэний нийгмийн зарим байгууллагын зүгээс эсэргүүцэж Төрийн ордны гадаа цуглаж, цөмийн шар нунтгийг бэлгэдэн шар оохорыг цацсан. Үл мэдэгдэх шар нунтагийг зарим хүмүүс уран байж болзошгүй хэмээн Нийслэлийн онцгой байдлын албаны холбогдох хүмүүсийг хүртэл дуудлагаар ирсэн юм.  Түүнчлэн Төрийн ордныг тэр даруй цагдаагийн хамгаалалтад авч, онцгой байдлын албаныхан цацсан нунтгийг шинжилж шар оохор болохыг тогтоосон . Эсэргүүцэгчдээс гурван хүнийг, тухайлбал,  “Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч  н.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаяр нарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн тогтоолоор баривчилсан боловч хоёр цагийн дараа торгох арга хэмжээ аван суллалаа.

Өнөөдрийн онцлох мэдээлэл

Баасан гаригаас эхлэн микро автобус шугаманд явахгүй

Нийтийн тээврийн үйлчилгээнд тавигддаг 5012 стандартын дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа их, бага, дунд багтаамжийн автобуснууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12-оос дээш жил явсан тохиолдолд хасагдах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Нийслэлийн тээврийн газарт 350 орчим бага оврын автобус буюу микроатвобус бүртгэлтэй байгаагийн 90 орчим хувь нь 2003 онд үйлдвэрлэгдсэн буюу насжилт хэтэрсэн байгааг өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн тээврийн газраас үйлчилгээнд явуулахгүй гэдгээ анхааруулсаар ирсэн. Гэвч насжилт нь дуусан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагыг өнгөрсөн гуравдугаар сараас мөрдөж эхлэх байсан ч дөрөвдүгээр сарын 1 болгож хойшлуулсан. Тэгвэл ирэх сарын 1-нээс стандарт хангахгүй байгаа микроавтобусыг шугаманд явуулахгүй юм байна.  Зөвхөн ашиглалтын хугацаа дууссан микро автобуснууд ч биш нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобус болон такси, автомашинуудад хамаатай аж. 

Фото: Тарвага ичээнээсээ гарчээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ойролцоо тарвага ичээнээсээ гарч явахтай таарсан тухайгаа  Altangerel Telmen өөрийн фэйсбүүк  хуудсандаа бичсэн байна. Тарвага болон бусад амьтад ичээнээсээ  гарах хараахан болоогүй бөгөөд дөрөвдүгээр сарын эхээр ханш нээсний дараа ичигсэд хөдөлж, ичээнээсээ гардаг билээ. Харин энэ жил Хонгор нутагт тарвага ичээнээсээ эрт гарчээ. Ичигсэд эрт хөдлөх нь урин цаг эрт ирэхийн билэгдэл хэмээн үздэг ажээ... Дэлгэрэнгүйг энд дарж

Аав, охин хоёр 15 жилийн дараа Монгол туургатан миссийн тэмцээний тайзнаа уулзжээ

Монгол туургатан миссийн тэмцээний тайзнаа амьдралын эрхээр хагацсан аав, охин хоёр 15 жилийн дараа анх удаа уулзсан байна. Халимаг улсын мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн энэхүү тэмцээнд Монголд байгаа аавтайгаа уулзах чин хүслийг тээж оролцжээ. Учир нь түүний ээж гурван настай байхад нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд аав нь охиноо аван Монгол руу буцах гэсэн ч өвөө, эмээ нь өгөлгүй авч үлдсэнээр эцэг охин хоёр холбоо тасарчээ. Гэхдээ охин найз нөхдийнхөө хамт аавыгаа хайсаар ийнхүү Монголд болсон тэмцээний үеэр уулзжээ. Тэдний сэтгэл догдлуулсан мөч “Мисс Авьяас” номинацийн үзүүлбэрийн хамт тайзнаа амилан охин нь аавдаа зориулан үндэсний бүжгээ нулимс дуслуулан бүжиж алд цагаан хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүг өргөн барьсан байна. 

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 52 цаг болж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг энэ сарын 24-нд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.  Энэ шийдвэрийг Г.Түвшинжаргал болон өмгөөлөгч Д.Пүрэвбаатар эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Энэ талаар ЦЕГ-аас Г.Түвшинжаргалын өлсгөлөн зарлах талаархи албан ёсны мэдэгдэл ЦЕГ-т ирээгүй хэмээн мэдээлсэн ч худлаа мэдээлэл өгсөн бололтой. Өнөөдрийн байдлаар Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 52 цаг болж байгаа бөгөөд нарлагаанд гарахгүй, хоол идэхгүй, өмгөөлөгчтэйгөө ч уулзахгүй хэмээн хорих ангийн захирагчид мэдэгдсэн байна. Гэхдээ Г.Түвшинжаргалыг цаашид цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ. Цагдаагийн байгууллагын зүгээс Г.Түвшинжаргалын хувийн нөхцөл байдлыг харгалзан батлан даалтад гаргах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Ингэснээр прокурор саналаа шүүхэд гаргах юм байна. Улмаар эцсийн шийдвэрийг шүүх гаргах аж.

Монгол хүү Энэтхэгт амиа хорлосон хэрэг гарлаа

Монгол хүү Энэтхэгт амиа хорложээ. Энэтхэгийн Карнатака мужийн Уттара-Каннада тойргийн Мундгод хот дахь Түвдийн II баазын оюутны байрны ариун цэврийн өрөөнд монгол оюутан амиа хорлосон байдалтай олджээ. гэж Мундгод хотын Цагдаагийн газрын мөрдөн байцаагч С.Ц.Патил энэ талаар мэдэгдэхдээ “Монголын иргэн Уранчимэгийн 19 настай хүү Б өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд тэрбээр тус баазад Буддын шашинд дөрвөн жил суралцсан байна” гэсэн байна.  Тэрбээр хичээлдээ төвлөрч чадахгүй байгаагийн улмаас сэтгэлээр унаж, ийм үйлдэл хийсэн тухайгаа талийгаач Б эцэг, эхдээ үлдээсэн захидалдаа дурджээ. Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон бөгөөд уг хэргийн талаар Монголын Элчин сайд яаманд мэдэгдэж, хүүгийн цогцсыг тус баазын эрх баригч нарт хүлээлгэн өгсөн байна.

Автокраны мотор унаж, хүний аминд хүрчээ

Улаанбаатар хотын хэмжээнд гуравдугаар сарын 28-ний өдрийн 05:00 цагаас гуравдугаар сарын 29-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3881 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 150, зөрчлийн 998, согтуугийн 294, зам тээврийн ослын 294, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барилгын талбайд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 28-ны 13:53 цагт авч шалгахад байгууллагын туслах ажилтан, БГД-ийн 20 дугаар хороонд суух эрэгтэй, 27 настай М -г ажиллаж байхад дээрээс нь автокраны мотор унаж амь насыг нь хохироожээ. Хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.

Өнөөдрийн анхааруулга

Таван удаагийн ял шийтгэлтэй этгээд дахин гэмт хэрэг үйлджээ

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Арцатын гудамжинд оршин суух иргэн Ч-н гэрт хулгайч орж 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтсээс шуурхай эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн харьяат, таван удаагийн ял шийтгэлтэй У үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна. Мөн тухайн этгээд нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоод байна.  Иймд иргэд Хөршийн хяналтыг сайжруулж, орон байр, авто машин, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Он гарсаар нийт долоон ой хээрийн түймэр гараад байна

Он гарсаар улсын хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Биндэр суманд тус бүр 1 удаа нийт 4 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1.5 га ой, 15350 га хээр, нийт 15351.5 га талбай түймэрт өртөөд байна.

Мөн ой, хээрийн гал түймэрт 2 гэр, 1 саравч өртөж, 40 толгой мал хорогджээ. Түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 71 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 61 албан хаагч, 8 автомашин, орон нутгаас 197 иргэн, 24 автомашин тус тус дайчлагдан нийт 329 хүн, 38 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.Тиймээс иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн  эргэн тойронд 100-аас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Цас орж, хүчтэй  цасан болон шороон  шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Өнөөдөр болсон зарим үйлдлыг цөөн үгээр

  • Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан үе үеийн миссүүд энэ сарын 2-нд болох "Missosology Mongolia" загварын шоуны тайзнаа алхахаар болжээ.
  • Маргааш буюу гуравдугаар сарын 30-нд баруун аймгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
  • С.Ганбаатар гишүүн цөмийн хаягдлын конвенцийг хэлэлцэх асуудлыг эсэргүүцлээ 
  • Унгар улсад суралцаж буй оюутан, залуучууд нэгдэн Монголоо сурталчилах “We love Mongolia” өдөрлөгийг энэ сарын 26-нд зохион байгуулжээ.
  • Унгар улсад суралцаж буй оюутан, залуучууд нэгдэн Монголоо сурталчилах “We love Mongolia” өдөрлөгийг энэ сарын 26-нд зохион байгуулжээ.
  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор элэгний вирүсийн эсрэг үйлчилгээтэй таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 140 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
muusain tsagdaagiinhan ontsgoi albanihan uls toriin show hiihee bolyo ta narig tenger nirgeg
2016/03/29 103.17.108.42