8o
Улаанбаатар хот
mobile menu

С. Лувсанцэрэн: Нэг ширхэг боолтыг 50, 100 төгрөгөөр зараад амьдралаа залгуулж байна

2016-03-30 11:00:00

Сая гаруй хүн амтай Нийслэл хотод сайн, муу бүхий л зүйлтэй бид өдөр бүр тааралдана. Гудамжны буланд хүүхдээ тэврэн гуйлга гуйх нэгэн, шуудай үүрч хогийн савруу өнгөлзөн алхах нойрхой хувцастан. Өдөр бүр таарч дасал болсон эдгээр  хүмүүсийг  бид  өөрсдийнх нь тавилан  мэт үзэж  дасан зохицсоор л . Ингээд бодохоор хүний мөс мөнгөний халуунд хайлаад ч байх шиг.

Хүйтэн гараа цүнх рүү нь шургуулж  буй хулгайчийг хараад хүний сэтгэлээр тус хүргэж хэлэхийн оронд толгойгоо эргүүлж өөр зүг рүү харцаа буруулдаг хүний ёсгүй хүйтэн нийгмийг бид бүтээгээд байна уу даа.

Хэт тансаглал, хэт ядууралд идэгдсэн Монгол

Барьсан утас нь биенд нь жижигдэж,  унасан машинд зам нь багаддаг дээд язгууртан байхад траншейны нүхэнд талх зүүдэлж, даарч хонодог хатуу амьдралтай хэцүүхэн нэгэн байх юм. Брэндийн дэлгүүрээс авсан бараагаа хямдханд тооцож, эдээр уралдаж эрдэнэсээрээ гайхуулалцаж. Нарантуул гэдэг зах нийслэлд байдгийг мэдэх ч үгүй баянд дэлхий томдож Монгол багаддаг байж мэдэх  л юм.  

Баячуудын хувьд дундаж давхаргынхан л  үйлчлүүлдэг гэх Нарантуул захын гадаа доод давхаргынхан үйлчлүүлдэг гэж хэлж болмоор бас нэг нийгэм бүрэлдэн тогтжээ. Энэ бол Нарантуул ОУХТөвийн гаднах машины зогсоолд байрласан ил зах. Газар дээр дэлгэн тавьсан бараа бүтээгдэхүүнд ширхэг зүүнээс авахуулаад, нөхсөн цамц, эвдэрхий утас, цамцны товч, хүүхдийн тоглоом гээд хүний амьдрал хэрэгтэй бүхий л  зүйл тэнд бий. Ядарч туйлдсан, өлсөж зовсон нэгэн өөрт байгаа эд зүйлсээ энд авчирч худалдана, өөр нэгэн хэрэгтэй байгаа нь худалдаж авна. Яг л ийм байдлаар бор хоногийг өнгөрөөсөн, аргацаасан бор зүйрхэн амьдрал тэнд өрнөнө.

Энд хүмүүс ямар орчинд яаж амьдарч байна вэ? Тэдний  үг, үзэл бодлыг хэн сонсож байна? Эсвэл тэд орхигдсон нийгмийн гологдсон хүмүүс үү?  Хатуу ч гэлээ энэ асуултын хариултыг бэдэрч сэтгүүлч миний бие Нарантуул захын гадаа байрлах ил захыг зорьсон юм. Тэнгэрт үүл хургасан салхитай өдөр, худалдаачид аль хэдийнэ ирчихсэн бараагаа өрж байраа эзэлжээ. Энд ойролцоогоор 100 орчим хүмүүс бараа зарах бөгөөд ажиглавал таяг тулсан өвгөд эмгэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд голдуу байлаа. Харин худалдан авагч бараа сонирхогчид нэлээн цөөхөн. Сэтгүүлч би бээр газар дээр  даавуу, сонин, цаасан дээр дэлгэн тавьсан барааны дэргэдүүр нэлээд алхлаа. Өр өвтгөм, зүрх шимшрэмээр дүр төрөх угтаж цаашлах бүр хүн худалдаж  авдаг болов уу гэмээр олон төрлийн зүйл өрөөстэй.

Ийнхүү хамгийн захад эрэг боолт, сав суулга, худалдаалах 60 орчим насны хүнтэй уулзлаа. Энэ хүнийг Сувдын Лувсанцэрэн гэдэг бөгөөд Нарантуул ОУХТ-ийг анх нээгдэхэд л ажиллаж эхэлжээ. Түүнээс ярилцлага авах санал тавихад уриалахнаар хүлээн авч биднийг хар лдаа. Ямар байдалтай амьдарч байна энэ бүхнийг ярилцахад юу нь болохгүй байх вэ? Энд сэтгэлээ уудлах маш олон хүн бий. Биднийг тоож ярилцах санал бодлыг сонсох хүн нэгээхэн ч үгүй гээд бид хоёр яриагаа эхэллээ.

-Сайн байна уу? Юуны өмнө та уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Сувдын Лувсанцэрэн гэдэг. Би Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн. Одоо ах нь 68 хүрч байна.  Сургуульдаа дөрвөн жил сураад хөдөө аав ээж дээрээ гарч малчин болсон. Малд их хайртай. Таван хошуу мал маллаж байгаад хотод ирсэн. Эхээсээ долуулаа байгаад хоёрыг нь алдчихсан. Ах нь их ч зовлон үзлээ дээ. Анх 19 настай  байхдаа нутагтаа айл болсон.  Тэгээд гурван сайхан хүүхэд заяагаад сайхан л амьдарч байлаа.

Тээр жил Сэлэнгийн Бугантад ажиллаж байхад эхнэрийн бие муудаж хотод ирж эмчилгээ хийлгэсэн ч нэмэр болоогүй дөнгөж л хорь гаруйхан насандаа л хагацал гэдийг үзэж эхэлсэн. Түүний дараа хоёр хүүхдээ бас алдаж ганц өнчин хүүхэдтэй үлдэж түүнийхээ төлөө амьдарлаа зориулж байсан ч хүү минь 27 хүрээд бас л намайг орхиж одсон доо.

- Та амьдралдаа үнэхээр хүнд бэрх өдрүүдийг туулжээ. Мэдээж шантрах цөхрөх үе байсан л байхдаа?

- Би багаасаа хөдөө өссөн. Малд их хайртай, бүх малаа тоо ширхэг зүсээр нь мэддэг байлаа. Уул ус нь тэгширсэн хөдөө нутгийн хүн болохоороо ч тэрүү сэтгэлийн хаттай, амьдралд бууж өгөх дургүй л дээ. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ер нь юманд шантардаггүй даарсан ч даараагүй юм шиг байж чаддаг тийм л хүн. Надад архинд орвол орох, арчаагаа алдвал алдах үе байсан. Гэхдээ би тэгээгүй. Өнөөдрийг хүртэл тэтгэврийн зээл тавьж, хэдэн хүүхдээ тэжээхийн төлөө л  зүтгэж явна. 

- Одоо та хаана,  хэнтэйгээ хамт амьдарч байна вэ?

- Ах нь сүүлд олон жилийн дараа нутгийнхаа нэг хүнтэй танилцаж суусан. Бид хоёр найман хүүхэдтэй болсон ч хоёрыг нь алдаж одоо зургаа нь энх тунх амьдарч байна. Бид хоёр 32-т хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Гурван хүү гурван охинтой хоёр нь тусдаа гарсан бусад нь цуг амьдардаг юм.

- Нийслэлд орж ирээд хаанаас ажлын гараагаа эхэлж байв?

- Ах нь Сэлэнгийн Бугантад ажиллаж байгаад хотод ирж тракторын жолооч болж, Сангийн аж ахуйд трактор барьж газар хагалдаг байлаа. Дараа нь бэлтгэл конторт ажиллаж байгаад хамгийн сүүлд оёдлын үйлдвэрт тракторын жолооч хийсэн. Энэ үед зах зээл эхэлж ажлаасаа гарсанаас хойш Нарантуул захыг ажиллаж эхлэх үед л энд ажилласан. Одоо бараг 30 жил болж байгаа юм байна. Уг нь ах нь Нарантуул зах дотор лангуутай байсан юм. Тэгээд түрээсэндээ хүч хүрэхээ байгаад  энд гадаа гарсан даа.

Одоо та энд ямар ямар зүйл худалдаж байна вэ?

Ах нь энд хоёр дахь түүхий эд  худалдаж аваад түүнийгээ  өөд нь татаж янзлаад зардаг юм. Энд алх сүх, сав суулга , эрэг боолт гээд зарахгүй юм байхгүй. Өөрөө  төмрөөр юм хийх гэж оролддог болохоор хүний эвдэрч хуучирсан хэрэглэхгүй зэвэрчихсэн зүйлийг хямдхан аваад өөрөө зүлгэхийг нь зүлгээд  арчилж янзлаад л хэдэн төгрөг нэмээд зардаг. Алх гэхэд ишлээд, гагнаад зүлгээд сайхан болгоод л зарна. Төмөр бетон савнуудыг хоёрдагч түүхий эд авдаг газраас очиж хиллэж авдаг юм.

Мэдээж халуун, хүйтэнд цементэн дээр суугаад  шороон дунд бараа зарна гэдэг хүнд. Энд голдуу настай хүмүүс харагдаж байна?  

Тэгэлгүй яахав. Тэтгэврийн насныхан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, нэн ядуучууд л энүүгээр байна. Амьдрахын төлөө хулгай хийхгүй худлаа хэлэхгүй халуунд халж хүйтэнд хөрч энд ажиллаж байна. Бид нар уг нь Нарантуул захын үүдэнд суудаг байсан. Хөөгдсөөр байгаад машины зогсоолын энд сууж байна. Нэг хэсэг хөөгдөөд бид чинь захын хойд талд машины замын хоёр талд бараагаа дэлгэж тавиад шороон дунд суудаг байлаа шдээ.  Одоо энд хогныхоо мөнгийг өгөөд сууж байна.

Та өдөрт хэдэн цаг ажиллаж байна. Өглөө хэд гэж ирдэг вэ?

Өглөө энд найм өнгөрөөж ирээд долоо өнгөрөөж буудаг юм. Ах нь энд жилийн дөрвөн улирал суудаг. Өвөл бол бойтго хувцасаа давхарлаж давхарлаж аваад л суудаг юм. Өвөл энд ирж худалдаа хийх хүн цөөхөн шдээ. Тэглээ  гээд  яахав дээ хоосон хонолтой нь биш. Ахынх нь тэтгэвэр нэг гутлын ч үнэнд хүрэхгүй. Төр тэтгэвэр доод тал нь 230 мянга болсон л гэнэ. Худлаа шдээ. Ах нь одоо нэмэгдээд 195 мянгыг л авч байна. Уг нь улсад 33 жил ажилласан ч хөдөлмөрийн дэвтэрээ мал маллаж байсан айлаасаа алга болгосноор таван жилээр 52 мянган төгрөгөөр анх тэтгэвэрт орсон. Амьдрал үнэхээр хүнд байна. Би чинь олон хүүхэд, зээтэй тэдэн дотор ажил хийж өөрийгөө авч яваа нь нэг ч байхгүй. Арга тасраад л энд ажиллаж байна. Төр засаг биднийг яаж амьдарч байгааг нэг ирээд хараасай даа.

Танай хүүхдүүд бүгд ажилгүй гэж байна. Залуучуудад үнэхээр ажил олдохгүй байна уу?

Миний бодлоор залуус ажил хийж болмоор санагддаг. Даанч ажилд орохоор царай зүс, бие хаа харж голоод байна шүү дээ. Дээр нь ах дүү нараа ажилд авчихаад байхад яаж ажил олдох вэ дээ. Энд худалдаа хийж байгаа хүмүүс дотор дээд боловсролтой, инженер, мундаг мэдлэгтэй бараг төрийг аваад явчихаар сайхан хүмүүс зөндөө байна. Монгол орон үнэндээ доошоо унаж байна шүү дээ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам л дордож байна.  Охин минь бодол доо хүмүүс мянган төгрөгний  ганц автирек л авч чадахгүй мөнгө хүрэхгүй байна. 800, 700-д өгчих гээд л гуйж байна. Хүмүүсийн амьдрал тийм туйлдаа хүрчихсэн байна шдээ.

Ард түмэн ингэж амьдарч байгаад төр засаг буруутай гэж бодож байна уу?

Гуравхан сая хүнтэй ийм сайхан уудам нутагтаа, байгалийн баялагтай оронд ингэж амьдарна гэдэг нээрээ гутамшигтай шүү. Тэгээд төрийн толгойд суусан дарга нар хийсэн юмгүй атлаа ард түмнээ анхаарахгүй байна. Бид нарыг энд яаж амьдарч байгааг мэдэхгүй байна. Ерөөсөө л улс эх орноо удирдаж яваа ард түмний аав ээж болсон төрийн гурван өндөрлөгийн л буруу. Тэд чинь бидний амьдрал ахуйг дээшлүүлнэ гээд иргэд итгээд гаргачихсан биздээ.

Хэрвээ та төрийн гурван өндөрлөгийн нэг байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан вэ?

Би хамгийн түрүүнд ард түмний амьдралыг  дээшлүүлнэ. Тэгсэний дараа төр засаг ард түмнээс татвар юм нэхэж болно. Ард түмэн үнэхээр сульдаад дууслаа. Өөрсдийнхөө юмыг нуух гэж амьтан хүнийг хэлмэгдүүлж байна. Ц.Элбэгдорж бол үнэндээ хар мөртэй ерөнхийлөгч юм. Монголд болохгүй, бүтэхгүй бүх бузар муухай бүхэн Ц.Элбэгдоржийг гарснаас хойш боллоо. Тэгээд энэ хүн цаазын ялыг хаагаад хаячихсанаас хойш хүмүүс  эхийгээ алж байна, үрээ алж байна. УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж хуулиа гаргаж, өөрсдөө ялаас мултарч байна.

Энүүгээр траншейгаар амьдардаг, архи уудаг хүмүүс их цуглах юм?

Өнөөдөр харин ч бага цугласан байна. Чи энд өдөржингөө суух юм бол их юм үзнэ. Аймшигтай ч өрөвдөлтэй ч юм их болно. Энүүгээр цуглаж архи ууж байгаа “бөбөчид” бүгд ажилгүй шижигнэсэн залуус. Энэ дотор чинь эмэгтэйчүүд их бий. Үд дунд чинь энүүгээр хар хэрээ шиг шавчихна шүү дээ. Тэгээд зодолдоод л орилолдоод л их хэцүү. Энэ тэндээс юм цуглуулж мөнгөтэй болчихоод л хоорондоо мөнгөө цуглуулж байгаад архи аваад уучихдаг юм. Харин найрка үзэгдэхээ байчихсан зарахаа больчихсон юм шиг байна лээ. Эд нар хойд дэлгүүрээс муу архи гээд 3000 мянган төгрөгөөр зарагддаг архи аваад уучихдаг юм шиг байгаа юм. Тэр урд талын төмөр замаа хужаагаар бариулж байхаар энэ олон залуусыг аваачаад бариулчихад яанаа гэж л бодож суудаг.

Энд худалдаа хийж байгаа хүмүүсийг ажиглаад байхад архи уудаггүй дандаа л амьдралын төлөө зүтгэж байгаа хүмүүс байх шиг?  

Тиймээ ах нь л гэхэд тамхи татдаг болохоос биш архи бол уудаггүй. Энд эхнэртэйгээ хоёулаа юм зардаг. Энд голдуу таягтай хүмүүс суугаад л чааваас  юм зарж л байна. Ажиглаад байхад яг энд суугаад юм зарж байгаа хүмүүс дотор архи ууж байгаа хүн бол ховор. Энд худалдаа хийж байгаад хөл дээрээ зогссон хүмүүс ч байна. Хүмүүс алт, мөнгөө ч мэдэхгүй авчирч өгдөг тохиолдол гарсан л юм.  За тэр харж байна уу? хэрэлдээд эхэллээ.

Яриагаа таслан эргэж хартал бидний ард архи уусан согтуу, ноорхой хувцастай олон хүн бөөгнөрөн зогсоод нэгэн залуухан эмэгтэй бусад руугаа дайрч орилон чарлаж байлаа. Харахаас зүрх зүсэж нүд хальтармаар. Дэлхийн дайтай гэж хөөрөгддөг, бүсээ газар унагахаас ч цээрлэдэг Монгол үндэстэн минь хаачаа вэ? Цөөхөн Монголчууд бид чинь  одоо бүсээ унагах нь битгий хэл өөрсдөө газарт хэвтэж байна. Гэтэл төрийг түшилцсэн томчууд гадаадын орнуудаас үнэн царайгаа нууж Ассеймблын чуулга уулзалтын үеэр гар дээрх худалдааг хориглож эдгээр хүмүүсийг ажиллуулахгүй хөөнө гэнэ. Тэд өөрсдийн хийсэн үйлдлээ хаашаа нуух гээв. Бор хоногийнхоо талхыг олох гэж байгаа эдгээр хүмүүс энэ хугацаанд юу идэх вэ? Архинд толгойгоо мэдүүлсэн эдгээр хүмүүсийг хааш нь хөөх вэ?  Элэг эмтрэм дүр зураг энд л байна. Өвгөн тэднийг харж хэсэг суух зуур миний толгойд ийн түмэн бодол эргэлдлээ.  Бид яриагаа ийнхүү үргэлжлүүлээ.

Ард түмний төлөөлөл гээд яриад байдаг. УИХ-ын гишүүдээс ирж та нартай уулзсан удаа байгаа юу?

Ер нь биднийг орхигдсон хүмүүс гэж ойлгож болно. Хэвлэл мэдээллийнхэн ч биднийг хайхарч санал бодлыг сонссон удаа цөөхөн. Харин ноднин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар бидэн дээр сүр дуулиантайхан ирж бид нар ч зовлонгоо тоочсон. Гишүүн ч за гээд л толгой дохиод баахан юм бичиж аваад л явсан эргэж хараагүй. Бодвол шоу л байсан байлгүй дээ. Ард түмэн хаширсан байлгүй.  2016 оны сонгуульдаа зөв л хүнийг гаргах байлгүй гэж найдаж байна.

Ийнхүү ярилцаж байтал гуч гаран насны гэмээр нэгэн эмэгтэй ирж, дэлгээстэй бараанаас хайч авч үнийг нь асуухад С.Лувсанцэрэн гуай: Төмөр хайч арван мянган төгрөгөөр аваа орос хайч шүү гэлээ. Үнийг нь мэдсэн өнөөх эмэгтэй ч сонирхсон бараагаа буцаан тавьж цааш алхлаа.

Ер нь энүүгээр  голдуу хямдхан бараа л сонирхсон хүмүүс ирдэг болов уу?

Ер нь ард түмний амьдрал дордож хэтэвчиндээ таарсан үнэтэй зүйлээ л авч байна. Хүмүүс ирээд л мөнгөндөө таарсан юмаа аваад л явдаг юм. Шинэ хувцас худалдаж авч дийлэхгүй байна шүү дээ. Зарим нь ч одоо гэр орныхоо дээл хувцасыг хүртэл авчирч байна. Гэрлийнхээ мөнгийг таслуулчихлаа, идэх хоолгүй болчихлоо, хүүхэд өлсөөд байна гэсэн хүмүүс зөндөө. Энийг авч тус болооч гэж гуйж ирээд л заримдаа  өрөвдөөд гайгүйг нь авчихдаг л юм. Жишээ нь хар л даа энэ бол оросын түгжээ 500 төгрөгөөр аваад тэгшлээд зэвийг нь янзалж цэвэрлээд зүлгээд  би 1000 төгрөгөөр зарж байгаа юм. Ингэж л амьдарч байна. Би цүү хайрга машины нумаа ч хүртэл өөрөө хийгээд зардаг. Тэгж л амьдарч байна. Энд хүнд хэрэггүй юм гэж нэгээхэн ч үгүй. Одоо энэ загасан нүд нэг ширхэг боолтыг чинь тавь, зуун төгрөгөөр зарж байна. Хэрэгтэй хүн нь авдаг л юм. Бид чинь ингэж л амьдарч байна шүүдээ. Би яах вэ насаа элээсэн хүн. Бидний хүүхдүүдийн үед л сайхан цаг үе ирээсэй гэж бодох юм.

Өвөл гадаа зогсдог гэнэ. Байнгын шороо тоосон дунд зогсоход эрүүл мэндэд мэдээж муу нөлөөтэй. Танд одоо өвддөг зүйл бий юу?

Одоо 68 хүрч байгаа ч ахад нь харин өвдөх зүйл бага шүү. Ер нь эмнэлэгт хэвтэж эм тариа нэг их хийлгэж байгаагүй юм байна. Харин энэ жилээс л даралт ихдэх маягтай болж байна. Надаас гадна энд маш олон хүн байна. Түүний цаана үр хүүхэд нь гээд зөндөө л хүний амьдрал энд явагдаж байна. Тиймээс төр засаг бидэнд анхаарч хөөж туухынхаа оронд дэмжиж ядаж биднийг өөрсдийн гэсэн газартай болгочихоосой доо гэж л бодох юм. Бидний бодит байдалтай танилцаж ярилцлага авсанд баярлалаа охин минь. Ажил үйлс чинь сүү мэт ундрах болтугай. Хүнд дандаа сайн сайхан зүйлсийг түгээж байгаарай.

Ийнхүү С.Лувсанцэрэн гуай бид хоёрын ярилцлага өндөрлөх болсон юм. Үзэгнээс өөр зэвсэггүй сэтгүүлч надад итгэж, мөрөөдөл бодлыг нь биелүүлэх юм шиг л сэтгэж.Ээрэм цөлд хаягдсан хүмүүс мэт гомдол мэдүүлэн ярих эдгээр хүмүүсийг удирдах төртэй л улс юмсан. Тэд одоо хаана байна..?

Гар сарвайн тусламж нэхсэн эгэл ардыг газар доор  амьдаар нь булшилж ханаагүй л байна уу? Алтан дээр суусан гуйлгачин Монголчууд ахиад хэдэн жил мөлхөж амьдрах вэ? Төр хэмээх гурван үсэгтэй сүх барьсан түшээдээс Түмэн олон Монголчуудынхаа нэрийн өмнөөс асууя?


 

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chamaar heluulsen heluuleegui yuma hiigeed amidarch bna. Chi yasan tom yaridag amitan be. Ene hun shig zovlon uzsen bol chi odiid ovgonii ard ni zodoldoj bgaa bobochidiin egneeg nemeh bsan biz
2016/03/31 103.17.108.42
IRGEN
BAYN OVOOO BNAAA TETGEVER DEERR BAS MONGO OLNO AIN AIMAAR OVOO BNA HOOOOE SERGELEN BNA INGEJ AMIDRAH HERGTEI GERTEE SUUH DEMIIIII
2016/03/31 103.17.108.42
БИ
ЯАНА ДАА БИДНИЙ МОНГОЛЧУУД
2016/03/31 103.17.108.42
БИ
ЯАНА ДАА БИДНИЙ МОНГОЛЧУУД
2016/03/31 103.17.108.42
Зочин
Энэ нэг төр нь тэгээд залуучуудыг ажлын байртай. Ахмадуудын тэтгэвэр сарын хоол хүнсэндээ хүрэхээр юм өгчиж болдоггүй л юм байхдаа.
2016/03/30 103.17.108.42
үнэн бодитой мэдээлэл бичжээ, амьдрал яг л ийм байгаа, гэр хороолол, захын хорооллуудын хүмүүсийн амьдрал , ер нь ихэнх монголчуудын амьдрал тартагтаа тулсан, энэ нь зөвхөн сүүлийн жилүүдэд биш, 20-иод жилийн өмнөөс буюу түрүүчийн төр засгийн үед
2016/03/30 103.17.108.42
IRGEN
BOLJ L BNSHDEEE OOR ULSAD BOL TAND ZARAH CH YM OLDHGUI SHUU NAADHAA HIIGED SYYNII MONGOO OLOD AMIDRAAAA.
2016/03/30 103.17.108.42