Сүүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах яамтай хийсэн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Цагдаагийн ерөнхий газарт хар тамхи, мансууруулах бодисыг хэргийн газарт богино хугацаанд шинжлэх хүчин чадалтай АНУ-ын “Термо Фишер” технологийн компанид үйлдвэрлэсэн олон улсад ашиглагддаг “TruNarc” гар багаж гурван ширхэгийг бэлэглэлээ. Мөн хэргийн газарт хойшлуулашгүй ажиллагааны үед ул мөр бэхжүүлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест бүхий иж бүрдэл цүнх хоёр ширхэгийг тус тус буцалтгүй тусламжаар бэлэглэсэн байна.
“TruNarc” багаж нь:
- Ашиглахад хялбар гурван товчлууртай. Зөвхөн нэг товчоор ямар төрлийн бодис болохыг шинжлэх үйлдлийг гүйцэтгэнэ.
- Сэжигтэй бодисыг тодруулан шинжлэхэд шинжилгээний үр дүн дэлгэцэн дээр богино хугацаанд гарч ирнэ.
- Шинжилгээний дүн санах ойд хадгалагддаг тул багажийг залгуураар компьютерт холбож хэвлэн гаргах боломжтой.