8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын томчуудын “зодоонд” хүүхэд, эмэгтэйчүүд өртсөөр байх уу

2016-03-31 07:50:00

Ардчиллыг устгаж байгаа гэх Ардчилсан намыхан сонгуулийн өмнө “алалцаж” байна. Ил цагаандаа гарсан тэмцэл олон янзын шалтгаантай. Өнгөн дээрээ улс эх орныхоо төлөө мэт харагдавч өнгийгөөд харвал өөрсдийн эрх ашиг, бизнес цаашлаад бие биенийхээ халаасанд гараа дүрсэн улс төрчдийн бүлэглэл байдаг нь хэнд ч ил болсон зүйл. Гэвч өнгөрсөн сонгуулиар “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээн гарч ирсэн АН-ынхан өнөөдөр эвдрэлцэж, өөрийг нь чадахгүй бол өрөөлийг нь “аавынх” руу явуулж байгаа нь юуны дохио вэ. Эв түнжин хагарна гэдэг угаас сайн зүйл биш. Тиймээс ирэх сонгуулийн өнгөө өөрдсөө тодорхойлж, эвсэж орох хүчээ сулруулж байгаа хэрэг биш гэж үү. Хамгийн харамсалтай нь АН-ын энэ “зодоонд” хүүхэд, эмэгтэйчүүд өртөж, эрхээ боомилуулсаар байх гэж үү.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх Дээд шүүхээс 3,6 жилийн хорих ял авсан. Түүний хоригдох болсон шалтгаан нь дотроосоо гэдэг. Нум нь Л.Гансүх л болохоос сум нь Н.Алтанхуяг гэдэг. Ерөнхий сайд асан Н.Алтануягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатар шүүх хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “АН төр барьж байгаа энэ үед өөрсдийнхөө хийсэн ажлыг харлуулж байна. Энэ нам өөрсдийнхөө байдлыг харуулж байна. АН-ынхан хичээл зүтгэл гаргаад Л.Гансүх зөвлөхийг цагаатгахаар ажиллах боломжтой байсан. Олон нийт АН-ыг харж байсан” гэсэн нь үүний бас нэгэн нотолгоо. Үнэндээ АН-ын гишүүд түүнийг хорьж саатуулагдахад олигтойхон шиг ажиллаад өгсөн бол өнөөдрийн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал шиг хоригдоод хэдхэн хоногийн дараа батлан даалтанд гараад ирэх ч байсан юм билүү хэн мэдлээ. За яадаг ч байсан “томчуудын” хэрэгт гэм зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд хохирох эрх байхгүй баймаар.

Л.Гансүх нарыг хоригдоход нэгэн эмэгтэй хохирч үлдсэн нь нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа. Түүнд давж заалдах шатны шүүхээс мэргэжлийн ажил хийх эрхийг 2 жилээр хасаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ. Харин Дээд шүүх түүний хэргийг цагаатгаж,  хилсээр 200 хоног хоригдсоны нөхөн олговор 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой болж сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэж байгааг өмгөөлөгч нь дуулгасан юм.

Тэгвэл энэхүү хэргийн дараах нь АТГ-ынхан Х.Баттулгын туслахуудыг сүр дуулиантайгаар баривчилсан билээ. Гэвч тэдгээр баривчилсан туслахуудын нэг нь бага насны хөхүүл хүүхэдтэй эмэгтэй байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль хяналтынхныг хуулиа биелүүлэхийг шаардаж, АН дахь Х.Баттулгын хүрээнийхэн зай завсаргүй ажилласаны эцэст батлан даалтанд гаргаж чадлаа. Зарим ч эхийн сэтгэлээр хандсан байх зарим ч эрхтэн дархтаныхаа тушаалаар гүйцэтгэх байх. Гэвч үүнд хамгийн их хохироод үлдсэн нь нялх үр. Ямар буруутай гэж эхийн цагаан сүүнээсээ хагацаж, ямар буруутай гэж эрүүл энх тунх бойжих  эрхээ хязгааруулна вэ?

Энэ бол АН-ын зөвхөн хэдхэн хүмүүсийн хоорондох зөрчилдөөн. Тэдний гүнзгийрсэн хагарал. Үүний цаана хэд хэдээрээ дуулдаж байна. Хэсэг бүлэг хүмүүс АН засаг барьж байгаа дээрээ авлигачдаасаа салсан дээр хэмээн шүүх цагдаагийнхныг хүссэнээрээ хөдөлгөж байгаа ч үүний цаана бас дахин хэдэн эмэгтэй хохирч, хэдэн хүүхэд эрхээ хязгаарлуулахыг тааварлашгүй.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шударга хуульчид байх ёстой
Намд захирагдсан хуульчид хүмүүсийг хэлмэгдүүлж байна. Төрөөс луйврын эх болсон АН, МАН ыг зайлуулбал шударга хуульчид хуулийн байгууллагуудад гарч шударга ёс тогтох болно. Арай хэтэрч байна
2016/03/31 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment