Амьдрал гэдэг давж баршгүй олон их даваа нугачаатай. Энэ болгоныг даван туулахад хувь хүнээс ихээхэн зориг тэвчээр шаарддаг. Ялалтын талбайд цугласан ард иргэд ч ганцхан зүйлийн төлөө цугласан нь илт. Тэд бүгд газар нутгийнхаа төлөө тэмцэж, тусгаар тогтнолоо сахин хамгаалж, ялангуяа хойч үеийнхээ гэрэлт ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байв. Хөгшин, залуу гээд бүх насны хүмүүс цуглан хийж чадах бүхий л зүйлээрээ тэмцэнэ гэдгээ илэрхийлж байхыг бодоход бидэнд үнэхээр шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй болсоныг илтгэх шиг. Ялалтын талбайд нэг хэсэг нь ийнхүү ард түмний амьдрал, нийгмийн байдлаа дээшлүүлэхийг төлөө дуу хоолойгоо нэгтгэж байхад нөгөө хэсэг нь өнөө маргаашийн амьдралынхаа төлөө, өдөр өдрийн орлогыхоо тэмцэж байлаа. Энэ бол микро автобусны жолооч, кондуктарууд. Нийтийн тээврийн газраас өнгөрсөн жилээс эхлэн насжилт өндөртэй бага болон том оврын автобуснуудыг хүн тээвэрлэхийг хориглохоо мэдэгдсээр байсан билээ. Энэ шийдвэр уг нь өнгөрсөн гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байсан боловч жолооч нарын эсэргүүцэлтэй тулгарсан учир сараар хойшлуулсан юм. Энэ хугацаанд жолоочид эсэргүүцэлээ илэрхийлсээр байлаа. “Ажилгүйдэл газар авч, эдийн засаг хүндрээд байгаа энэ үед өдрийн хоолоо залгуулж байгаа ганц тээврийн хэрэгслийг минь хязгаарлаж амьдрах аргагүй боллоо” хэмээн учирласаар ирсэн. Тиймээс арга тасраагүй жолоочид шийдвэрээ буцаахыг шаардсаар байсан юм.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн Г.Баатар: Орой гэртээ очихдоо бүтэн талхтай харихийн тулд л энэ ажлыг хийж байна
- Шаардлагын хариу ирсэн үү?
Өнөөдөр миний шаардлагад хариу өгөх сүүлийн хугацаа. Холбогдох хүмүүс нь ирээд хүлээн зөвшөөрвөл буруу шийдвэр гаргасанаа хүлээж байна гэж ойлгоно. Харин нааштай хариу өгөхгүй бол бид дараачийн арга хэмжээгээ авна. Бид нар зогсоно гэж байхгүй. Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхээ эдлэхийн тулд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхаа доор нэгдэж иргэдэд үйлчилгээгээ үзүүлсээр байна. Том оврын автобуснууд зогссон үед микро л иргэдийн хөлийг залгуулдаг. Тиймээс эвтэй байхдаа хүчтэй, эвт шаазгай буга барина гэдэг шиг үндсэн хуулиар батлагдсан эрхээ эдлэхийн хамтдаа тэмцсээр байх болно. Хэдийгээр албаны хүмүүс 350 микро гэж яриад байгаа ч бодит байдал дээр 700-800 гаруй үйлчилгээ үзүүлдэг микро байна. Тэдгээр микроны жолооч нар өдөрт 5000 төгрөгийн үйлчилгээний даалгаврын хуудас буюу өртөг авдаг. Энэ нь сард 150 мянган төгрөг болж ажлын байрны мөлжлөг болж байхад үүнийг анхаарахын оронд бид нарыг хязгаарлаж байна. Ийм их мөнгө бид нараас авчихаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалгүй хохироож байна шүү дээ. Энэ мэтчилэн зүйлээр бид хэвлэлийн бага хурал дараа дараачийн баримттай баталгаатай тоотой юм гаргаж тавинаа.
Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ?
Өдрийнхөө орлогноосоо жолооч кондуктортайгаа цалингаа хуваагаад 15000-20000 төгрөгийн л орлого олдог байлаа. Гэвч сүүлийн үед үүнийгээ олохоо байсан. Машиндаа бензинээ хийгээд орой гэртээ очихдоо бүтэн талхтай харихийн тулд л энэ ажлыг хийж байна.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн Жолооч Ц.Балжир: Үзлэг оношилгоонд оруулаад л болохгүй байгаа имикронуудыг хориглочих л доо
Хэн хэнд албан бигээ хүргүүлээд байгаа вэ?
Бид нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бичиг хүргүүлсэн. Биднийг ажилтай орлоготой минь үлдээгээч гэсэн боловч ерөөсөө авч үзэхгүй юм. Бид тэднээс ажлын байр гуйгаагүй шүү дээ. Өөрөө өөрсдийгөө цалинжуулж байна. Цагдаа нар торгохоос эхлээд зовлон их шүү дээ.
Ямар учир шалтгааны улмаас хэдэн төгрөгөөр торгодог вэ?
30.000 төгрөгөөр торгох бол байдаг л үзэгдэл. Та нар Баатарын /Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн/ хүүхдүүд үү гэж ирээд л торгодог. Бас микроны насжилтаас болж торгодог. Үнэхээр явуулахад хүндрэлтэй байгаа юм бол үзлэг оношилгоонд оруулаад л болохгүй байгаа имикронуудыг хориглочих л доо.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны шигүүн Жолооч Н.Гантив: Ингээд хориглочихоор банкны өрөө яаж төлөх вэ?
Хэдэн жил энэ ажлыг хийж байна вэ?
Би одоо нийтийн тээвэрт хувираа тээвэр эрхлээд 20 гаруй жил болж байна. Ардчилал гарснаас хойш энэ ажлыг хийж байна даа. Гэтэл сүүлийн үед насжилт гэж яриад л маш их микроны жолоочдыш ажилгүй болгож байна. Манай хашаа байшин барьцаанд байдаг. Гэтэл ингээд хориглочихоор банкны өрөө яаж төлөх вэ? Энэ насжилт гэдэг юмыг ярьж байгаад гайхаад байх юм.
Цаашид микро үйлчилгээнд явуулахгүй гэвэл та нарын байр суурь?
Ажил хийе гэхээр ажлын байр олдохгүй юм. Насны тоо тогтоочихдог. 40 –өөс дээш насны хүн ажилд авахгүй гэдэг. Ингэж байхаар 40 наснаас нь тэтгэвэрт гаргачихдаг байх хэрэгтэй шдээ. Бид нар цус гаргаад ч болов тэмцэнэ гэсэн зорилготой байна гэлээ.