8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов

2021-01-29 11:21:51

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо  (2021.01.28) чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл