Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн.
Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.