С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ. Түүнээс хойш Б.Булганыг чухам ямар хэргийн улмаас баривчилсан тухай хуулийнхан одоо болтол албан ёсны мэдээлэл, тайлбар өгөөгүй. Түүгээр ч барахгүй өнөөг хүртэл ар гэрийнхэнтэй уулзуулахгүй байгаа талаар ээж нь удаа дараа хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан. Тэгвэл түүнийг 461 дүгээр ангид хорьж байгаа юм байна. Б.Булганы ээж Д.Байгалмаа охиноо хэлмэгдсэн талаар хэвлэлээр ярилцлага өгч, УИХ-ын өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаад амжсан. Түүний гомдол, хүсэлтийн дагуу энэ сарын эхээр /2016.03.01/ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан урьдчилан хорих ангид очиж, Б.Булгантай биечлэн уулзсан юм. Уулзалтын үеэр Б.Булган нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө уулзаагүй гэдгээ Ж.Батзандан гишүүнд ярьж, өмгөөлөгчтэйгээ тогтмол уулзах хүсэлтээ илэрхийлсэн байдаг.
С.Зориг агсны эхнэр Б.Булган Ганц худагт хоригдож байна
2016-03-31 13:38:00