Монголын Зэвсэгт хүчинд энхийн цагт эр цэргүүд амь эрсддэг харамсалтай мэдээлэл цөөнгүй гарч байна. Зөвхөн өнгөрсөн 2019 оны эхний хагас 6 цэрэг эрс амь насаа алдсан байдаг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 07-ны өдөр Дорноговь аймагт байх Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаачийн цогцогст хийсэн задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.
Талийгаачийн цогцосыг 0129-р ангиас томилогдсон алба хаагчид хоёр хоногийн өмнө гэрт нь хүргэж очсон байна. Талийгаач ямар шалтгааны улмаас амиа алдах болов гэдэг нь олны анхаарлыг татаад байна. Талийгаач өнгөрсөн 2020 оны тавдугаар сард Говь-Алтай аймгийн Шарга сумаас хүсэлт гарган, гэрээтээр цэргийн ангид очсон байна. Тэрбээр өмнө нь Ховд аймагт хугацаат цэргийн алба хаагаад ирсэн нэгэн юм.
Талийгаач айлын бага хүү бөгөөд дээрээ нэг ахтай. Говь-Алтай аймгийн Шарга суманд аав ээжийн хамт амьдардаг байсан аж. Тэрээр амиа алдахаас хэд хоногийн өмнө гэрлүүгээ хоёр удаа утсаар ярьсан байдаг. Тодруулбал, "Талийгаач нас барахаасаа хоёр хоногийн өмнө аав ээж, ахруугаа "намайг эндээс аваач, дарамттай, маш хэцүү байна" гэсэн мессэж бичсэн" талаар ойрын эх сурвалж мэдээлэл өглөө. Тус мэдээллээс үзэхэд талийгаач дарамт шахалтад байсан нь тодорхой байгаа юм. Талийгаач яагаад амиа алдах болов гэдэгт шат шатны байгууллагууд анхаарал хандуулж, үнэнийг олж тогтоох хэрэгтэй. Цэрэг амиа алдсан асуудалд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрөх биш асуудал хаана, хэндээ байна вэ гэдгийг ул суурьтайгаар авч үзэх шаардлага бий болсны тод илрэл юм. Эс бөгөөс энх цагт цэрэг эрс амиа алдсаар байх уу.