Хөвсгөл аймгийн Ханх суманд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
Уг газар хөдлөлт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 1967 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн бүртгэгдсэн бөгөөд давтан хөдлөлтүүд нь үргэлжилсээр байна.
Энэ талаар Одон орон геофикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат "Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн хүч нь сүүлийн судалгаагаар 6.8 магнитуд гэж тогтоогдсон. Үүнийг дагаад давтагдах хөдлөлт их болж байгаа. Хүнд мэдрэгдэм, дунд хүчээр газар хөдөлсөн 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Газар хөдлөлт болсноос хойш сар орчмын хугацаанд давтан хөдлөлтүүд идэвхтэй явагдсанаар буурах төлөв ажиглагдаж байна" гэлээ.
Ердийн үед улсын хэмжээнд хоногт дунджаар 200 гаруй удаа газар хөдөлдөг байна. Харин Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотойгоор нэг өдөрт 1,200 гаруй удаа газар хөдөлж байгаагаас 1,000 орчим нь Ханх сумын ойролцоо бүртгэгдэж байгааг Одон орон, геофикийн хүрээлэнгээс мэдээллээ.