8o
Улаанбаатар хот
mobile menu

Хамгаалах байранд ирсэн хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байжээ

2021-03-03 10:00:00

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр /2021.03.02/ хуралдаж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнуудын мэдээлэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Хуралдааны эхэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий  нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

 

Өнөөдрийн байдлаар  түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний 13 байр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд өнгөрсөн онд 2269 хүн үйлчлүүлсэн бөгөөд тэдгээрийн 60 орчим хувь нь хүүхэд байжээ. Дээрх хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид нь хараа хяналт тавьдгүйн улмаас гэртээ өлсөж, даарах,  улмаар гудмаар хэсүүчилж, эрсдэлд ордог гэсэн үг.
Хүүхдийн тусламжийн утас 108-ын дэргэдэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” нь 25 орны хүчин чадалтай. Гэвч хоногт 35-40 хүүхэд хүлээн авдаг аж. Иймээс түр хамгаалах байруудын орны тоо, хоолны төсвийг нэмэх, бүтцийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дэд хороон дарга, төлөөлөгч Г.Гангамөрөн “Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн хүлээсэн үүрэг. Тусламж, туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хамтарсан багууд хүрч ажиллахгүй байна. Иймээс нийслэлийн харьяа байгууллагууд хамтран ажиллах уялдаагаа сайжруулах хэрэгтэй” гэв.

Хүний хөгжлийн хорооны гишүүн, төлөөлөгч Л.Ариунтуяа түр хамгаалах байрны тохижилт стандартын шаардлага хангахгүй байгааг хэлээд Хүний хөгжлийн хорооны гишүүд нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах хэрэгтэй гэсэн санал гаргав. Хуралдааны төгсгөлд хорооны гишүүд хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, түр хамгаалах байрнуудын орчин нөхцөлтэй танилцаж, сайжруулахаа холбогдох албаныханд хэллээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учраас уг дэд хөтөлбөрийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment