Өчигдөр Төрийн ордонд “Сургамж, сорилт шийдэл” уриан дор “Монголын эдийн засгийн чуулган”-ы өдөр боллоо. Сүүлийн өдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгээр эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд ч мөн үг хэлж хаалт хийлээ. Энэ үеэр өмнө нь гарч байгаагүй нэгэн үзэгдэл боллоо. Тодруулбал, Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л. Наранбаатар эсэргүүцэл илэрхийлж олныг шуугиуллаа.
Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболд Монголын эдийн засгийн чуулганыг хааж үг хэлэх үеэр Л.Наранбаатар түүн рүү оймс шидэхийг завдаж, "Монголын ард түмнийг ядууруулж өрөнд оруулсан биз дээ. Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор" хэмээн хашгирсан. Түүний энэ үйлдэлийг УИХ-ын дарга З.Энхболдын хамгаалагч нар чирч гаран, тагнуулын байгууллагад өгсөн байна.
Харин үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй улс энд бас ордог юмаа энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм өвчтэй улсууд зөндөө байдаг юм ш дээ " хэмээн даапаалсан янзтай хэлж харагдана. Хэдийгээр бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч Л.Наранбаатарын энэ үйлдэл танхайрах үйлдэл бөгөөд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй байдаг. Тийм учраас УИХ-ын даргын биед халдахыг завдсан гэдгээрээ энэ үйлдэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг билээ. Тэрбээр хуулиа дээдлэн үргэлжлүүлэн байцаалт өгнө хэмээн жиргэсэн байна.
Л.Наранбаатарын энэ үйлдэлийг З.Энхболд дарга зүгээр нэг сонгуулийн шоу хэмээн индэр дээрээс хэллээ. Өнөөдөр улс орны эдийн засаг ямар байгаа билээ, ард түмэн талхаа таллаж, төмс ногоогоо ширхэглэн худалдан авч байна. Эсэргүүцэл илэрхийлж, гутал шидэхийг завдсан нь Л.Наранбаатар болохоос биш, иргэд энэ улс орны төлөө цусаа гартал тэмцэлдэнэ хэмээж байна. Цаашид сонгууль ойртох тусам энэ мэт үзэгдэл хэрээс хэтэрнэ. Ард түмэн туйлдаа хүрч байна. Өчигдөрийн чуулган дээр эдийн засаг муудсан шалтгааныг эрх баригчидтай холбон тайлбарласан. МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Том төслүүдээ эргэлтэнд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан. Улс төр хийдэг нь улс төрөө хий, Эдийн засгаа хөгжүүлэх нь эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд өнөөдөр хүндхэн байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа хүний амнаас “Мөнгө алга байна” гэсэн үг гарч байна. Яг орлоготой аж ахуй нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байна. Одоо бүр тэг дээрээ очоод зогсож байна. Монголд боломж олон олдоод байдаггүй. Өнгөрсөн жилүүдэд ганц олдсон боломж бол түүхий эд, Монголоос гардаг байсан баялагийн үнэ байсан. “Аманд орсон шар тосыг” бид ашиглаж чадаагүй шороотой хутгачихаад одоо тэр шороон дээр бүжиглэх хэрэггүй. Зарим этгээдүүд энэ дээр улс төр хийх гэж бүжиглэж байгаа” гэсэн зүйлийг ярив.
Үнэндээ л болж өндөрлөсөн Эдийн засгийн чуулган зөвхөн эдийн засгаа хэрхэн сэргээх гэдэг биш, нөгөө л улс төржилт, сонгуулиа ярьсаар өндөрлөв. Иймэрхүү cонин содон үйл явдалаар дүүрэн “Эдийн засгийн чуулган” өндөрлөлөө.
Б.Анхтуяа