8o
Улаанбаатар хот
mobile menu

"ХААЛГА"-ны ЦААНА ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

2021-03-05 18:16:37

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачилан хэрэгжүүлж буй “Хаалга” төслийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэрлэх “АСУУДЛЫГ АСУУЯ” санал асуулгыг бүтэн сарын турш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд явуулсан.

“Асуудлыг асууя” санал асуулгад 28500 орчим иргэд саналаа ирүүлж, хүчирхийлэлтэй холбоотой 450 орчим захидал цугларсан юм. Иргэд хамгийн тулгамдаж байгаа асуудалд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүл салалт зэрэг асуудлуудыг хамгийн эхэнд дурьдсан байна.

Эдгээрээс гэр бүлийн хүчирхийлэл 2020 онд 16 хувиар өссөн төдийгүй тухайн онд цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 150-200, жилд 50 000 гаруй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн дуудлага ирсэн байна. Тэдний 8 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан тухай ч тэмдэглэгдэн үлджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 87.2 хувь нь эмэгтэйчүүд, 11.0 хувь нь хүүхэд өртөж, хохирдог бөгөөд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын 1 нь хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй, бусдаас нуудаг гэсэн тоо баримт ч байна.

Иймд МЭХ хаалга бүрийн ард чимээгүй үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд гарц, шийдэл эрэлхийлж, хохирогчдын сэтгэл зүй ямар хэцүү байдгийг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд төв талбайд асуудал тээсэн хаалганууд байрлуулаад байна.

“Хаалга” бүрд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын захиаг хэвлэн байршуулжээ. 

Ийнхүү “Хаалга” акцыг зохион байгуулснаар хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, нийгмийн хэвшмэл ойлголт, тогтсон соёлыг өөрчлөхөд нөлөөлөх, олон нийтийн хүчирхийллийг үл тэвчих мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, зэрэг олон өөрчлөлтийг авч ирнэ хэмээн үзэж буй юм.

“Хаалга” үйл ажиллагааг МЭХ-ны 21 аймгийн салбарууд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд явагдахын зэрэгцээ, давтагддаг, давтагдах бүрдээ шинж чанарын хувьд улам ноцтой болдог нийгмийн хамгийн ноцтой асуудал болоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment