Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас баривчилсан талаар мэдээллэсэн. Р.Эрдэнэбүрэнг хуулийнхан албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан байна.
Тэрбээр 2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажиллажээ. Үүний дараа 2012 онд Лондонгийн Каплан Инт коллежид суралцаж ирээд 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн даргаа томилогдон ажиллаж байсан. Р.Эрдэнэбүрэн 1974 онд төрсөн бөгөөд 1992 онд Дундговь аймгийн нэгдүгээр10 жил, 1993-1998 онд Анкарагийн Их сургуулийн хуулийн факультет, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн эрхзүйч мэргэжилтэй нэгэн аж.
Р.Эрдэнэбүрэнг яагаад саатуулан шалгах болов
АН-ын ирээдүйтэй залуусын нэг,олны хараанд төдийлөн өртдөггүй Р.Эрдэнбүрэн ямар хэргээр саатуулагдсан одоогоор тодорхойгүй байна. тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нөгөө алдарт "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас салгах ажилд гар бие оролцсон талаар өмнө нь мэдээлэл гарч байсан.
БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг "Үнэ тотворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд авч байсан талаар мэдээлэл гарч байсан ч түүнийг шалгаж байгаагүй юм. Түүнийг энэ хэрэгтэй холбож эсвэл өөр хэргээр шалгаж эхэлсэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Б.Анхтуяа