Сонгууль дөхөж горилогчид дуулах нь дуулж бүжиглэж, зарим нь бүр нэгэнрүүгээ гутал хүртэл шидэж, тэрийг нь сонгуулийн шоу хэмээн тайлбарлаж байна. Өчигдөр гэхэд Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа намын туг, гишүүд дэмжигчдийнхээ өмнө өвдөг сөгджээ. Тэрбээр шударга ажиллахаа илэрхийлэн өвдөг сөгдсөн гэнэ. Өчигдөр Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол консерватив намууд нэгдэж "Үндэсний Сэрэлт эвсэл" байгуулж буйгаа албан ёсоор зарласан ёслолын үеэр болжээ.
Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа "Авлигачдаас салах гэж Монгол сэрнэ. Авлигачдаас салах гэж ард түмэн сэрнэ. Яг одоо тэнгэрийн хур эх орныг минь сэрээж байна. Хонхны дуунд бид 26 жил унтлаа. Сэрээрэй Монголчуудаа сэрцгээе" хэмээгээд тайзан дээр сөгджээ.