8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК байгалийн гамшигт өртөж амь эрсэдсэн малчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ

2021-03-16 11:00:00

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн эрдэнэт хүний амь нас эрсдэж, иргэд малчдад эд малын хохирол учирсан Дундговь аймгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцохоор аймгийн Онцгой комиссын гишүүдтэй онлайнаар холбогдлоо.

Тус аймагт өчигдөр буюу 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн цаг агаарын гамшигт үзэгдлээс болж, 468 иргэн сураггүй алга болсон дуудлага мэдээлэл аймгийн Онцгой комисст ирж, комиссоос 578 ажилтан албан хаагч 186 техник тусламжтайгаар аврах, эрэн хайх ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Онцгой комиссоос шуурхай арга хэмжээг зохион байгуулж ажилласны үр дүнд өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 459 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь 9 хүний амь эрсэджээ.

Хүчтэй шороон шуурга 34-40 м/секунд хүртэл хурдтай үргэлжилж, 1.6 сая  мал салхинд уруудаж, 69 барилга, обьектын дээвэр хууларч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр  нурж, 9 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ.

Гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ

Шадар сайдын мэдээлэл

Аймгийн хэмжээнд хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд сумдад шаардлагатай тусламжийн баг ажиллуулж, гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн тухай мэдээллийг АОК-оос Шадар сайдад уламжлав.

Гамшигт өртөж амь эрсэдсэн малчдын ар гэрийнхэнд Шадар сайд гүн эмгэнэл илэрхийлээд, УОК, АОК-аас цаг уурын аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд малчдад урьдчилсан сануулж, хүргэсээр байтал золгүй явдал тохиолдож байгааг АОК анхааралдаа авч, цаашид эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргаж, эрсдэлээс урьчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж ажиллахыг АОК-т үүрэг болгов.

Мөн аймгийн хэмжээнд хохиролын хэмжээг бодитой гаргах,  шаардлагатай тусламж үйлчилгээний хүсэлтийг ирүүлэхийг аймгийн Онцгой комисст даалгав.

Цаг агаарын гамшигт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй тул бэлэн байдлыг хангаж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, малчдад бүх хэлбэрээр түгээх, Улсын онцгой комисст цаг тухай бүрийн мэдээллийг өгч ажиллахыг уламжлаад, аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайтар хийхийг чиглэл болголоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment