Монгол Улсын хуулийн этгээд болох Эрдэнэс-Тавантолгой ХК нь Тавантолгойн нүүрсний ордод олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдаж өөдгөө 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж Монгол Улсын иргэн бүрийн хувьцааг нь эзэмшдэг хувьцаат компани юм.
3 сая иргэдийн хувьцааг нь эзэмшигч Хувьцаат компанийн засаглал 100 хувийн Төрийн өмчит компанийн засаглалаас тэс өөр гэдгийг Төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Ёндон сайд болон Ёндон сайдыг хамтрагчаа болгосон гүйцэтгэх захирал Ганхуяг нар мэдэхийг ч хүсэхгүй, мэдсэн ч биднийн хэн давж чадах вэ хэмээн үл тоож байгаа нь баримт болон шүүхийн хэрэг маргаануудаар төгсөх бололтой. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн Г.Нандинжаргал, Б.Ганхуяг, Ц.Баяр-Эрдэнэ, С.Наранцогт нарын гишүүд болон хараат бус гишүүн Х.Болор-Эрдэнэ, П.Өлзийнаран нарын Компанийн дүрэмд заасан эрхийн хугацаа дууссан байхад 2 дахь удаагаа улиран томилсон ноцтой зөрчлийг Ёндон сайд болон гүйцэтгэх захирал Ганхуяг нар нуун дарагдуулж Хувьцаат Компанийн засаглалын кодексыг зөрчин ажиллаж байна. Хууль зүйн үүднээс авч үзвэл эдгээр гишүүд нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах үндэслэлгүй тул тэдгээрийн гаргаж байгаа шийдвэрүүд нь хүчин төгөлдөр бус байх үр дагавартай, эрх зүйн чадамжгүй учраас эхнээсээ шүүхэд дуудагдаж эхэлжээ. Хоёр их наядын бонд гаргах, төмөр зам барих, цахилгаан станц барих зэрэг мега төлөвлөгөө гаргаж буй хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх шийдвэрүүд хүчингүй болж эхнээсээ мордохын хазгай болохын үлгэрээр 2 их наядын бонд нь амжилтгүй болж хэл ам дагуулах сэдэв болж болзошгүй байна. Монгол Улсын хамгийн том хувьцаат компанийн засаглалын энэ зөрчлийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай болон хувьцааг нь гаргахад зөвлөгөө өгсөн андеррайтер, хуулийн зөвлөхүүд нүдээ анин өнгөрөөсөн асуудлыг бондод хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид босгон ирж шүүхэд хандахаар болж буй мэдээлэл ч байна. 2 жилийн өмнө дэлхийн зах зээлд хувьцаа гаргаж хөрөнгө босгох төлөвлөгөө гаргаж явсан Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн засаглал ингэж шавартай хутгалдаж байгаа нь Төр хамгийн муу менежер хэмээх үгийн дахин дахин батлах жишээ болж Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын төрийн өмчит компанийг цэгцлэх ажилд ташуур болох бололтой.