8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮБХ: Допинг хэрэглэсэн нь тогтоогдвол барилдах эрхийг 4 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоно

2021-05-17 09:16:19

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Тус хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 46 гишүүн оролцов. Орон нутгийн төлөөлөгчид болон зарим төлөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас цахимаар хуралдаа оролцсон юм. Хурлыг нээж Цэцдийн зөвлөлийн дарга Г. Өсөхбаяр үг хэлж, хэлэлцэх асуудлаа батлуулав.

Цэцдийн зөвлөлийн гишүүдээс давхардсан, гадаад явсан, нас барсан гишүүдийн оронд нөхөн бүрдүүлэлт хийж, улсын аварга Ч.Санжаадамба, Баян -Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, а.а Х.Айдос, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, а.н Ш.Баянбат нарыг гишүүнээр сонголоо.

Цэцдийн зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

2. Их эе хурал 256 төлөөлөгч оролцох бөгөөд улсын заан, гарьд, арслан, аварга цолтонгууд, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан гишүүд шууд оролцоно. Аймаг бүрээс харцага, начин, аймгийн цолтон, бөхийн зүтгэлтний төлөөлөл 5, аймгуудын бөхийн холбооноос 2 төлөөлөл, жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл заасан тоогоор оролцоно.

3. Их эед бэлдэх ажлын хэсэгт У.ав Ч.Санжаадамба, у.г Б. Гончигдамба, у.х Н.Батзаяа, у.н А.Алтанхуяг, а.а Х. Айдос нарыг сонгов. Ажлын хэсгийн гишүүд МҮБХ-ны дүрмийн төслийг боловсруулах, хурлын ирц, орон нутгаас ирэх төлөөлөгчдийн асуудлуудыг хариуцан ажиллана.

4. Барилдааны дүрмээс "Барьц сонгох" заалтыг хаслаа. Энэ заалт дүрэм батлагдсан өдрөөс мөрдөгдөнө. Барьц сонгох заалтыг хассан тул 2 бөхийн давах шийдлийн хамгийн зөв хувилбаруудыг судалж Ээлжит бус Их Эе хурлаас өмнө барилдааны дүрэмд оруулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэгт у.г Б. Гончигдамба, у.з Б.Соронзонболд, у.х Т.Өсөх - Ирээдүй, у.н Н.Бүрэнбаатар нарыг сонгов.

5. Барилдааны дүрэмд камераар шүүх заалт оруулав.

6. Барилдааны дүрэмд допингийн хариуцлагыг дараах байдлаар өөрчлөн оруулав.

Үүнд:

а. МҮБХ-ноос барилдааны үеийн явцын шинжилгээг авна.

б. МҮБХ өөрийн зохион байгуулсан болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулалцсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах.

в. Хэрэв эрх хассан хугацаанд ямар нэгэн барилдаанд барилдвал тэр хугацаанаас шийтгэлийн хугацааг дахин үргэлжлүүлэн тооцох,

г. Допингийн шинжилгээ авах, хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулах,

7. "Үндэсний их баяр наадмын тухай хууль"- д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэн, хууль санаачлагчддад өргөн барихад бэлэн боллоо гэж МҮБХ-ноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл