8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 5000 орчим айл өрхийн хашаанд мод тарилаа

2021-05-17 09:44:03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд "Өрх бүр хашаандаа мод тарья" уриан дор нийслэлийн төвийн зургаан дүүргийн 5000 орчим айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгууллаа. Мөн Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20 мянган шинэс модны тарьцаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, “Чинагийн Галсан сан” ТББ хамтран зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Чинагийн Галсан сан”-г үүсгэн байгуулагч, зохиолч Ч.Галсан нар оролцлоо.

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл бууруулдаг нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэлийн орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2010 оноос хойш 2.2 сая мод, сөөг тарьсан байна. Иймд бид ногоон бүсийн ойн санг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах ажлуудыг өргөн хэмжээнд зохион байгуулж байна. Монголдоо ургуулсан олон наст, агаар хөрсний бохирдлыг шингээх чадвар өндөртэй мод, бут, ургамлаар нийслэлийн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийг хийх нь бидний гол зорилго юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл