Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид энэ сарын 20-21-ний өдрүүдэд дүүргийн III хорооны нутагт байрладаг “Уран ган” ХХК болон “Монгол 99” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан төмөр хашааг буулгаж, зөрчлийг арилгалаа. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж стандартын бус хашаа, хайс, хаалт барьсан газрын зөрчлийг арилгах хүрээнд гүйцэтгэсэн юм. Түүнчлэн уг захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн III хорооны 27 байршилд зөрчил арилгах арга хэмжээ хийгдэх бөгөөд эдгээр 27 байршлаас 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлээд байна.
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе.