8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулахыг үүрэг болголоо

2016-04-04 17:31:00

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Зөвлөлгөөнөөр өмнөх хуралд өгсөн үүргийн биелэлт, дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Мөн нийслэлийн Засаг дарга холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.         
Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүргийн биелэлт  
 

Үерийн хамгаалалтын далангуудад цэвэрлэгээ хийж байна
 

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд хамтран 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувагт үзлэг хийв.
Үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулах даалгаврыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т, дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдэд өгч ажиллажээ. Үүргийн хүрээнд Дэнжийн мянга-2, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны суваг, тунгаах байгууламжууд, Дэнжийн мянга-1, 3, Толгойтын үерийн хамгаалалтын далангийн цэвэрлэгээг гүйцэтгэж байна. Мөн далан сувгийн 28 байгууламжийн цэвэрлэгээг хийх ажлын хуваарийг гарган ажиллаж байгаа юм.


120 мянгатын гүүрэн гарцын гэрэлтүүлэг, цахилгаан шатыг

ашиглалтад  оруулахаар ажиллаж байна            

 

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ гүүрэн гарцын ашиглалт, хамгаалалтын ажлыг хариуцан ажилладаг бөгөөд ашиглалт хамгаалалтын ажлын зардлыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөд тусгуулж, нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажилладаг юм. Гүүрэн гарцын лифтний аюулгүй байдал, засвар үйлчилгээг “Улаанбаатар лифт” НӨҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, үзлэг шалгалтыг тогтмол хийж байна. Гүүрэн гарцын  гэрэлтүүлэг, цахилгаан шатыг ашиглалтад оруулахаар засвар үйчилгээг хийж байгаа бөгөөд цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол гүйцэтгэн ажиллаж байна. 
Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүдийг тодруулан 2016 оны 3 дугаар сарын 22-ны байдлаар судалгаа гаргав.
 

                                  2012-2015 онд барьсан авто замуудад шалгалт хийв

 

2012-2015 онд хэрэгжүүлсэн авто замуудын одоогийн нөхцөл байдал, цаашид авто замын засвар арчлалтыг зохион байгуулах тухай саналыг 03 дугаар сарын 31-ний нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулав. 2012-2015 онд шинээр 83,63 км авто зам,  175,77 км авто замыг өргөтгөн шинэчилж,  721,8 урт метр гүүрийг шинээр барьж, 478,36 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж, засварласан. Нийт хэрэгжсэн 63 төсөл хөтөлбөрт үзлэг шалгалт хийхэд технологийн болон механик /хүний буруутай үйл ажиллагаанаас/ шалтгаалсан эвдрэл гэмтлүүд зонхилжээ.
Чанарын баталгаат хугацаанд байгаа 46 замын үүссэн эвдрэл гэмтэлийг гүйцэтгэгч байгууллагуудаар засварлуулахаар мэдэгдэл хүргүүлээд байна. Мөн чанарын баталгаат хугацаа дууссан 17 төсөл хөтөлбөрөөс 5 замд эвдрэл гэмтэл үүсээгүй бөгөөд үлдсэн 12 замд үүссэн эвдрэл гэмтэлийг нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх урсгал засварын ажлын хүрээнд засварлахаар  төсөвт 152,5 сая төгрөг тусгажээ. Эдгээр 63 замаас 7 замд гадны нөлөөтэй хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан эвдрэл гэмтэл үүссэн учир нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт хандаж дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.
Улаанбаатар хотын 509,2 км авто замын арчлалт, урсгал засварт жилд  18.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.
 
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  • Хууль, эрх зүйн үйлчилгээг сайжруулах, дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албуудад хууль, эрх зүйн чиглэлээр сургалт, зөвлөгөө хүргүүлэх
  • Энэ сарын 15-нд  Мишээл, Драгон төвүүдэд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг нээх гэж байгаатай холбогдуулан тус төвүүдэд ажиллах албан хаагчдыг бэлтгэх
  • “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-үүдийг шинээр байгуулж буйтай холбогдуулан байгууллагууд бүтцийн өөрчлөлтийн саналаа энэ долоо хоногт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх
  • “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төрийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд үйл ажиллагааныхаа тухай танилцуулга, мэдээллээ байршуулах, сурталчлах ажлуудыг зохион байгуулах 
  • Энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлууд болон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын газар, авто замын трасс чөлөөлөлтийг хийх 
  • Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ, авто замын засвар шинэчлэлтийн ажлууд болон хаах замуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх 
  • Нийслэлд халдварт өвчний өвчлөл ихэсч байгаатай холбогдуулж эрүүл мэндийн чиглэлээр үр дүнд хүрэхүйц асуудлыг боловсруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах 
  • “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд байгууллагууд идэвхтэй оролцох
  • АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Замын хөдөлгөөний зохицуулалтын графикийг иргэдэд мэдээллэхийг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл