8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатар: Гэр минь шатсан ч амьдарлаа ахин босгож байна

2016-04-05 08:24:00

Их хотыг бараадагсдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр. Монгол орны зах хязгаар бүрээс ажиллаж хөдөлмөрлөж, сайхан амьдрах гэсэн зорилго өвөртлөгсөд жингийн цуваа адил тасралтгүй хөвөрсөөр.. Харин тэдний хэд нь ажиллаж сайхан амьдралд хүрч байна вэ? Сая хол давсан хүн амтай хотод хийх ажил олон гэж ярих боловч: нутгаасаа гарч хөдөлмөрлөхөөр ирсэн ч хөл алдаж буцах замгүй болсон залуус бишгүй олон. Сайхан амьдралд хүрэх гэсэн ч сэтгэлийн хат дутсан нэг нь ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэхийн эрхээр сав лааз түүж, бор хоногйиг өнгөрөөх хатуухан хувь тавилантай золгоно.

Харин энэ замыг сонгохоос татгалзсан нэг нь  өөрийнхөө амьдралыг өөд татахын тулд шүд зуун урагшилна. Яг л эдгээр хүмүүс шиг хөлсөө урсган олсон хэдхэн төгрөгөө чамлалгүй атгаж, өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарч яваа олон хүний нэгэн төлөөлөл бол Самбуунямын Ганбаатар. Түүний амьдрал шулуун дардан байгаагүй аж. Хэлж биш хийсч ирдэг гал түймрийн аюул тэдний гэр бүлийг нөмөрч , олон жил хөдөлмөрлөж олж хураасан бүхнээ хормын төдийд  галын аюулд алдсан ч амьдралд бууж өгөлгүй элэг бүтэн үлдсэндээ талархаж, амьдралаа эхнээс нь босгохын төлөө тэрээр мэрийж явна. Ахад нь хийгээгүй ажил гэж байхгүй ээ. Хамгийн сүүлд гурван ч барилгад ажиллаж цалингаа авч чадсангүй. Адаг сүүлд нь Хэзээ цалинг өгөх бол гэж харж суулгүйгээр өөрийн боломжоо ашиглаад гудамжинд ийнхүү гутал засаж байна даа гэж тэрээр ярилаа. Түүнтэй ажил амьдралынх нь талаар  ийнхүү хуучилсанаа хүргье.

- Сайхан хаваржиж байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Самбуунямын Ганбаатар гэдэг. Би Төв аймгийн уугуул хүн.Эхээсээ дөрвүүлээ, дороо гурван дүүтэй л дээ. Анх 1992 онд хотын хүн болохоор нутгаасаа гарч байлаа. Энд ирээд эрчим хүчний “Оч” гэдэг хувийн сургуульд цахилгаанчинаар төгссөн.

- Гэр бүлийнхээ талаар танилцуулбал. Эхнэртэйгээ хэдэн онд танилцаж байв?

-Би ханьтайгаа 1995 онд танилцаж байсан. Тэр үед манай эхнэр Баянзүрхийн зах дээр наймаа хийдэг байсан. Одоо манайх хоёр охинтой. Бага охин маань ЕБС-д сурдаг. Харин том нь одоо их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр сурч байна. Эхнэр маань одоо ХӨСҮТ-д үйлчлэгчээр ажилладаг.

Усч хүн усандаа гэгчээр өөрөө цахилгаанчин хэрнээ хөдөлмөрлөж босгосон бүх л зүйлээ нэг л өдөр галд алдсан даа.

- Та цахилгаанчин мэргэжлээр төгссөн гэнэ. Хаана хаана ажиллаж байв?

Би сургуулиа төгсөөд Толгойтод ясны үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд малын боом өвчин гараад ажил маань татан буугдсанаар ажилгүй болсон. Тэр цагаас хойш амьдрахын тулд үр хүүхдүүдээ тэжээхийн тулд янз бүрийн л ажил хийж явлаа. Зах дээр наймаа зарж, барилга дээр өрлөгчин, шаварчин гээд л хүний хий гэсэн болгоныг л хийж байсан. Одоо чинь мөнгө хатуу болоод цалингаа өгөх газар ховор боллоо шүү дээ.Хүн ч хүндээ итгэхээ байсан цаг үе. Ах нь сүүлд гурван ч барилга дээр ажилласан ч цалингаа авч чадаагүй .

- Та одоо гудамжинд гутал засаж байна. Хэдийнээс эхэлж энд ажиллах болов?

-Миний амьдрал тийм ч шулуун дардан байсангүй ээ. Усч хүн усандаа гэгчээр өөрөө цахилгаанчин хэрнээ хөдөлмөрлөж босгосон бүх л зүйлээ нэг л өдөр галд алдсан даа. Цахилгаанаас болоод л гэрт гал гарч 15 минутын дотор л бүх зүйл минь үгүй болсон.   

- Харамсалтай хэрэг болжээ. Харин тэр үед гэрт хүн байгаагүй юу?

Өдрийн цаг байсан болохоор эхнэр бид хоёр ажилдаа , харин хүүхдүүд хичээлдээ явж таарсан. Гэрт гал гарч байхыг хараад хажуу айлын залуу гал комманд дуудаж над руу ярьсан. Би автобусаар очсон боловч намайг очиход бүх зүйл болоод өнгөрсөн байсан. Гэрт хүн байгаагүй үр хүүхдүүд минь элэг бүтэн үлдсэнд л баярлаж байсан даа. Гэрт байсан бүх бичиг баримт шатсаны дотор миний цахилгаанчин гэсэн үнэмлэх минь байсан. Тэр үнэмлэхээ л олж авч чадаагүй болохоор хайран сурсан хөдөлмөр минь талаар болсон л доо. Өөрөө цахилгаанчин мэргэжлээрээ ажиллаж чаддаг хийе, гэсэн сонирхол байгаа боловч хаа газар очсон мэргэжлийн үнэмлэхгүй гээд л ажилд авахгүй юм. Гэр оронгүй тэр үед найз нөхөд, хамаатан садныхаа хүчээр л амьдарч байсан.

- Хүмүүст ажил олдохгүй байна гэж ярих юм. Таны бодлоор?

 Би одоо 42 настай. Яг саармаг насан дээрээ л байна даа. Тэтгэвэрт гарч болохгүй ямар нэгэн газар очоод ажиллая гэхэд нас заагдаад байдаг. Уг нь ажлын заруудаар очиход анкет бөглө л гэх юм. Тэгээд л таг чиг. Ямар ч цалингүй ажил хийж хүмүүст хөдөлмөрөө шулуулж байхаар өөрөө л юм хийе гээд гудамжинд гутал засаж байна.

Ямар ч цалингүй ажил хийж хүмүүст хөдөлмөрөө шулуулж байхаар өөрөө л юм хийе гээд гудамжинд гутал засаж байна.

- Та энд гутал засаад удаж байна уу?

Би уг нь 2005 оноос энэ хавьд гэр хороолол байх үеэс гутал засаж байсан. Тэр үед мөнгөний ханш ч гайгүй байлаа ш дээ. Өдөрт 15 мянган төгрөгтэй л буудаг байсан. Харин сүүлд хөдөө малчинаар ажиллаж байгаад саяхнаар эндээ дахиж ажиллаж эхэлсэн. Тэр үеийн гэр хороолол одоо энд байрнуудаар солигдож, орлого ч бага байна. Ямар ч байсан суусан цэцнээс явсан тэнэг дээр гэгчээр энд сууснаар 5000-8000 мянган төгрөгтэй болоод л байна.

- Одоо та хаана амьдарч байна. Өглөө хэд гэж ирж байна?  

Манайх Чингэлтэй дүүрэгт байдаг. Би алхаж сурсан хүн. Өглөө гэрээсээ гараад Замын цагдаа хүртэл 20 минут л алхдаг. Хүн алхахаар ер нь их юм бодогдоно шүү дээ. Яаж амьдрах вэ? Юу хийх вэ? гээд л.

- Таны ойрын хийхээр бодож төлөвлөж байгаа зүйл юу байна?

Одоо гадаа сууж байна. Нар салхи гээд хэцүү шүү дээ. Адаглаад гутлаа янзуулах гэж байгаа хүн шороонд гадаа сууж хүлээх үү гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс дүүргээс олдвол зөвшөөрөл аваад татварыг нь төлөөд энд нэг жижигхэн байшин бариад орчихвол л гэж бодож байна. Уг нь болдог бол төсвийн ажил хийхсэн. Даан ч тэр нь  надад бараг мөрөөдөл болоод байна.

- Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Ер нь ах нь ямар ч зүйлд шудрага байя л гэж боддог юм. Охидууддаа ч тэгж сургадаг. Би ч яахав. Миний хэдэн хүүхдүүд л сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж сайн сайхан яваасай л гэж бодож байна.

Амьдрахын төлөө өөрийнхөө боломжийг ашиглаад ажиллаж байгаа С.Ганбаатар гуай их ч хөдөлмөрч няхуур хүн гэдэг нь ажиглагдлаа. Тэрээр хөнгөн авч явахад эвсээрхэн юм уу гээд төмөр олж эвхдэг сандал хийж байна гэлээ.

Хүн хийе бүтээе л гэсэн сэтгэл байвал юмханаар юм хийж болно. Надаар олон хүн л аар саархан зүйлээ хийлгэдэг юм. Гарын ур дүйтэй бүтээлч сэтгэлгээтэй байвал хүн болно шүү гэж тэрээр ярина. Үнэхээр ч амжилт гэдэг зүйл багаас эхлэлтэй. Залуус бид өндөр суудал руу өнгийхөөсөө илүү аливаа зүйлийг хамгийн багаас нь гололгүй хийвэл амжилт аяндаа шагнах нь лавтай.  Алагхаан дарам газар ажлын байрыг өөртөө бий болгож амьдрах гэж зүтгэж байгаа С.Ганбаатар гуайгаас олон залуус суралцаасай. Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голдоггүй гэгчээр урдаа байгаа бага ажлыг хийснээр ирээдүйн их ажлын том хаалга нээгдэнэ. Амжилт хүсье. Залуусаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Onoodor bi ene huniig zurgan deer baigaa gazar ni haraad beldsen material suuj baigaa baidliig ajaad yamar nyambai hun be? Gehdee end hun gutlaa zasuulahaar huleeh bolov uu? gej bodoj bailaa. Ta hezee negen tsagt amjilt olnoo. Sain saihniig husie!
2016/04/05 103.17.108.42
gudamjind neeree l hun udaan suuhgui de ahad amjilt hvsey. ooriin jijg ajliin bairtai bloro
2016/04/05 103.17.108.42
ЗӨВ ШҮҮ
2016/04/05 103.17.108.42