ЭМЯ нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28 мянган төг, Ремдезивир тариаг 50 мянган төгрөгөөр худалдан авч эхэлсэн талаар салбарын сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрбээр "Цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллагууд ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархалаа илэрхийлмээр байна.
ЭМЯ анх PCR оношлуурыг 55 мянган төг, Ремдезивир тариаг 149,600 төгрөгөөр худалдан авч байсан бол худалдан авах үйлдвэрлэгчдийн сонголтыг өргөтгөж мөн олон улсдаа бөөнөөр үйлдвэрлэх явц нэмэгдэж үнэ хямдарч өнөөдөр ЭМЯ нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28 мянган төг, Ремдезивир тариаг 50 мянган төгрөгөөр худалдан авч байна.
Мэдээж чанар чухал. Гэхдээ чанартайг нь ч худалдан авахдаа нэг ч төгрөгийг нэг гэлтгүй хэмнэж чадвал "олны олон таван цэн" гэдэг шиг хэмнэлт бүрээс бид илүү олон оношлуур, эм тариаг худалдан авах боломж бүрдэж тэр хэрээр илүү олон хүнийг эмчилж, оношилж чадна" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.