8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна

2021-08-02 10:56:14

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлжээ. Талбайг зүлэгжүүлэн, явган хүний зам тавьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өчигдөр газар дээр нь ажиллалаа. Гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байна. Энэ сарын 10-н гэхэд ажил бүрэн дуусах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажил хавраас эхэлсэн. 17 дугаар хороонд 132 гарааш чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсан газрыг цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн.

“Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байгаа. Дүүргийн 12-17 дугаар хороо буюу “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий. Газрын албанаас холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг нь хадгалж өгөхийг хүссэн юм. 132 гарааш чөлөөлсөн газрын бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа дээрх иргэдтэй уулзаж, санал авна. Зураг төсөл, ажлын даалгавар бэлэн болсон ч иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” хэмээн ярив.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэв. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Цаашид энэ ажлыг идэвхжүүлнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулсан асуудлыг шийдэж, иргэдэд ээлтэй хот бий болгохын төлөө ажиллана. Хот нэг стандарт, нэг дүрэм журамтай байх ёстой” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл