8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦУОШГ: Наймдугаар сард хур тунадас ихтэй, сарын сүүлээр цочир хүйтэрнэ

2021-08-04 14:30:00

Наймдугаар сарын эхэн болон 18, 28-ны өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох бөгөөд борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, төвийн бүс нутгаар өмнө жилүүдээс ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Харин нутгийн баруун хэсгээр агаарын температур 12 градусаар дулаан, хур тунадас өмнө жилүүдээс бага байх төлөвтэй байгаа нь уг бүс нутгаар хуурай гандуу байх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна.

Мөн наймдугаар сарын 20-25 өдрүүдэд баруун болон төвийн бүс нутгаар, сарын сүүлчээр төв болон зүүн зүгийн нутгаар сэрүүсч, хөрсөн дээр температур 0 градусаас бага болж цочир хүйтрэх төлөвтэй байна.

Цаг агаарын урьдчилсан дэлгэрэнгүй мэдээ

Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас ихэнх нутгаар өмнө жилүүдээс ахиу байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална.

Баруун аймгуудын нутгаар буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар агаарын дундаж температур 12 градусаас дулаан, бусад нутгаар 8-12 градус дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч халах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар  агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр 13-19 градусаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим буюу 13 градус байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 градусаар сэрүүснэ. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар 20-24 градус орчим дулаан, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар өмнөх жилүүдээс ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment