8o
Улаанбаатар хот
mobile menu

Токио 2020 олимпын медальтнуудыг “Алтан од” одонгоор шагналаа

2021-08-27 10:11:36

“Токио-2020” олимпоос медаль хүртсэн тамирчдад өчигдөр олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулжээ.

Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны гишүүд цахимаар оролцов.

Олимпын мөнгөн медальт Саиед Моллай Герман улсад байгаа тул түүнийг төлөөлж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар энгэрийн тэмдгийг нь гардан авлаа.

Мөн "Токио-2020" зуны олимпын наадамд оролцож, онцгой гавьяа байгуулсан медальт тамирчдыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Олимпоос медаль хүртсэн тамирчид медалиа байнга зүүгээд явах боломжгүй байдаг. Тиймээс тухайн хүн олимпын медальт тамирчин болохыг батлах энгэрийн тэмдгийг ОУОХ-ноос гардуулдаг учиртай. Энэхүү тэмдэг нь тухайн тамирчныг олимпын медальтан болохыг батлан харуулдаг, тамирчны амжилт, ялалтын үнэ цэнийг өндөрт өргөдөг онцгой дурсгал юм. Тэмдэг бүр нь серийн дугаартай, дахин давтагдашгүй байдгаараа онцлогтой.

Саид Моллайн энгэрийн тэмдэг 200962 дугаартай бол М.Уранцэцэгийнх 201762, Ц.Цогтбаатарынх 201818, Б.Болортуяагийнх 202329 дугаартай байна.

Олимпын медальтан болоод олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулан өгөх уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. Тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын медальтан, олимпын оролцогчдоо алдашруулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах санаачилга гаргаж байв. Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпийн бүх медальтан, оролцогчдыг хамарч байв.

Үүнээс хойш олимп болгоны дараа медальтан болоод оролцогчид өөрийн орны Үндэсний олимпын хороогоороо дамжуулан энгэрийн тэмдгээ авдаг болжээ.

Энэхүү энгэрийн тэмдгийг Италийн Милан хотод төвтэй “Бертони” компанид урладаг. Тус компани олимпын энгэрийн тэмдгээс гадна хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом, UEFA-гийн цом (тухайн үеийн нэршлээр), UEFA-гийн супер цом зэргийг урладаг, энэ чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан компани юм.

Олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн 43 тамирчинд олимпод оролцогчдын энгэрийн тэмдэг гардуулан өгөх ёслолыг цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Монголын олимпод оролцогчдын холбооноос зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment