8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

2021-08-27 13:30:00

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.  

Мөн наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 08:00-20:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment