Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого"-ын талаар илтгэл танилцуулж байна. Тэрбээр "Хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлана. Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна" гэв.