8o
Улаанбаатар хот
mobile menu

Даваа гаригаас ЕБС-иудад сэтгэлзүйч ажиллаж эхэлнэ

2021-09-18 12:30:07

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудал байлаа. 2021 оны 3 дугаар сараас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулж эхлэх эрх зүйн орчныг судлах, суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сэтгэл зүйчээр сургуулиудаа хангах богино дунд хугацааны төлөвлөлт хийх, боловсон хүчнээ хэрхэн зөв бэлтгэх, мэргэшүүлэх гээд цогц байдлаар авч үзэж, хэрэгжүүлэхийг зорьсон. 

Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өнөөдөр сертификатаа гардан авлаа. Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн 3 чиглэлээр зохион байгуулагдсан.

Мэргэшсэн сэтгэл зүйчид даваа гарагаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхэлнэ. Тэд сертификат гардахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жижиш өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.

 

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, сэтгэл зүйн тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах; багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх; гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэрэг олон чиглэлээр дэвшил гарч нийгэм бүхэлдээ сэтгэл зүйн хувьд эрүүлжихэд тустай юм. Мөн мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болох сайн талтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл