8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эстони, БНСВУ-ын Ерөнхийлөгч нартай уулзав

2021-09-23 13:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгааг талууд онцолж, хүн хоорондын харилцаа, ард түмний нөхөрлөлийг бататгах үүднээс соёл, урлагийн арга хэмжээ зохиох талаар санал солилцов.

Цаашид боломжит бүх салбарт, тэр дундаа инновац, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт хоёр орны төрийн тэргүүн санал нэгдэв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээний байнгын механизм байгуулах талаар санал солилцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эстони, БНСВУ-ын Ерөнхийлөгч нартай уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн энэ өдөр БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа.

Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийсэн нь харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг хэлэв.

Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ  хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүсэв.

Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл