Золбин нохой, муур устгах ажлыг сүүлийн үед нэлээд эрчимжүүлсэн гэх мэдээллийг албаныхан өгч буй. Тэгвэл тус ажлыг гүйцэтгэх үеэр ажиллаж байсан хүмүүс сум алдаж, автомашин оносон хэрэг гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Гадаад харилцааны яамны хашаанд Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн гэрээт анчин 27 настай Б нохой буудаж байгаад “Toyota рrius-20” автомашиныг оносон байна. Азаар хүний амь эрсдээгүй ба сум алдсан этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
Сум алдсан Б нь галт зэвсэг ашиглах эрхгүй байжээ. Өөрөөр хэлбэл, устгалын ажилтнууд галт зэвсгийн тухай хуулиар буу эзэмших гэрчилгээтэй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх ёстой аж. Эл хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас галт зэвсэг эзэмшигчдэд сургалт зохион байгуулж эхэлсэн байна.