8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Халиунбат: Монголд үйлдвэрлэсэн гэх автобусны зохиогчийн эрхийн төлбөрт ₮1.8 тэрбумыг нэхэмжилсэн

2021-10-01 09:31:54

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан захирамж гарган "Зорчигч тээвэр III  болон Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-т санхүүгийн хяналт шалгалт хийж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан.

Улс, орон нутгийн төсөв, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой уг ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажилласан юм.

Ажлын хэсэг энэ сарын 28-ны өдөр “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-тай хамтран хяналт, шалгалтын дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний саналаа Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

"Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл илүү их эрсдэл үүсэх магадлалтай"

Дээрх хоёр байгууллага нийслэлийн нийтийн тээврийн салбарын ачааллын 40 орчим хувийг үүрдэг бөгөөд цалин, НДШ-ийн зардал, автобусны урсгал засвар, монголд  үйлдвэрлэсэн автобусны зохиогчийн эрхийн төлбөр, тэдгээрийн эвдрэл, валютын ханшийн өсөлтөөс үүдэлтэй шатахууны зардлын өсөлт болон зарим худалдан авалтын зөрчлийн улмаас багагүй алдагдалтай ажиллаж байгааг ажлын хэсэг ахлагч М.Халиунбат мэдээлэв.

Энэ талаар тэрбээр “Дээрх хоёр компани урсгал зардал нь хүрэлцээгүйн улмаас байнгын алдагдалтай ажиллаж, машин цагийн зардлаа урьдчилан авч, үйл ажиллагаа явуулах буруу циклд орсон байгаа нь шалгалтын явцад илэрсэн. Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл илүү их эрсдэл үүсэх магадлалтай.

Тиймээс тухайн хоёр байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өр төлбөрийн асуудлыг шийдэж, буруу циклийг зогсоох хэрэгтэй гэж ажлын хэсэг дүгнэсэн.

Монголд үйлдвэрлэсэн гэх автобусыг зохион бүтээсэн хүмүүс тус байгууллагад ажиллаж байсан атлаа зохиогчийн эрхийн төлбөрт 1.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг. Тус автобуснууд нь БНСУ-аас оруулж ирсэн автобуснуудаас хоёр дахин өндөр зардалтай. Сэлбэг хэрэгслийн бүртгэл нь байхгүй” гэсэн юм.

Харин “Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар”-ын дарга М.Баяраа эхний ээлжид шатахууны хуримтлагдсан өр төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж, үе шаттай барагдуулах шаардлагатайг онцоллоо.

Тэргүүлэгчид танилцуулгыг сонсоод дээрх хоёр байгууллагын зарим өрийг барагдуулах талаар тогтоол баталж, холбогдох албанд үүрэг өгсөн юм. Мөн тулгамдаж буй асуудлуудыг эцэслэн шийдэх нь зүйтэй гээд ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгав.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл