8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунгийн талаар та юу мэдэх ёстой вэ

2021-10-01 09:44:34

Манай улс дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан 18-аас дээш насны иргэдэд есдүгээр сарын 13-наас эхлэн сайн дурын үндсэн дээр нэмэлт сэргээх тунг хийж байна. Бүүстэр буюу гурав дахь тунгийн дархлаажуулалттай холбоотойгоор иргэдээс ирүүлж буй түгээмэл асуултуудад Эрүүл мэндийн яамнаас дараах хариултыг өглөө.

1.Бүүстэр тунг хэн хийлгэх ёстой вэ?

Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунг 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна.

Иргэн та коронавирусийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой.

2.Коронавирусээр өвчилсөн бол гурав дахь тунг хийлгэх шаардлагатай юу?

Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад коронавирусийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Харин хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу.

3.Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд хаана хандах вэ?

Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд та харьяа аймаг, дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдээр хийлгэнэ. Та Улаанбаатар хотод амьдарч байгаа бол гэрийнхээ ойролцоо вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол УОК-ын Шуурхай штаб хаягнаас авна уу. Хэрвээ орон нутагт амьдарч байгаа бол аймаг, орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандан вакциндаа хамрагдах боломжтой.

Мөн 119 дугаар руу залгаж хаяг байршлын мэдээллийг авах боломжтой билээ.

4.Ямар вакцин хийлгэх вэ. Вакцин хольж хийлгэх боломжтой юу?

Нэмэлт тунг та хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети (Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж болно.

Мөн вакцины цэгүүдэд байрлах эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой.

5.Гурав дахь тунг хийлгэснээр үнэхээр үр дүнтэй юу?

Тодорхой хугацааны дараа дархлал сэргээх нэмэлт тун хийснээр та дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна.

Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн бөгөөд энэ нь вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment