8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хонхор" орчимд 16 мянга гаруй, Морингийн даваа орчимд 21,298 хүн ам байнга оршин суух шинэ суурьшлын бүс байгуулна

2021-10-14 10:54:34

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдлаа.

Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд 4,725 өрхийн 16,065 хүн ам байнга оршин суух шинэ суурьшлын бүсийг байгуулах бөгөөд нам болон өндөр давхрын инженерийн хангамжтай орон сууцаар хангагдана. 

Мөн энэ хүрээнд нийт 6,400 ажлын байр бий болох бөгөөд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгж талбарууд нь орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ногоон байгууламж, тохижилттой байхаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын барилга байгууламж зэрэг нийгмийн үйлчилгээг бий болгохоор тооцжээ. Мөн энэ суурьшлын бүсэд гол төлөв хүнсний боловсруулах болон сав баглаа боодол, оёдол, гар урлал зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн барилга байгууламжууд бий болох юм. 

Харин “Морингийн даваа орчмын хувьд 5,325 өрхийн 21,298 хүн оршин суух шинэ суурьшлын бүсийг бий болгоно. Нийт 2,010 хүүхдийн суудалтай зургаан сургууль, 4,080 хүүхдийн зургаан цэцэрлэг, 490 ортой эмнэлэг энэхүү бүсэд тус тус төлөвлөгджээ.

Тэгэхдээ жишиг суурьшлын бүсийн төслийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжид 9.98 га барилгажилтын төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх 31.7 тэрбум төгрөгийн, Морингийн даваа орчимд 11.4 га-д 84.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас танилцууллаа.

Улмаар нийслэлийн төсвөөс 212 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 873 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. Улмаар дээрх тогтоолын төслийг Тэргүүлэгчдийн саналаар баталлаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagahangai
BagahangI d avsan gazar.. Fed butrsee yah vee
2021/10/15 192.82.71.213