УИХ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн соёрхолт, зохиолч, Сономын УДВАЛ агсны мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ.
Уг арга хэмжээнд МЭХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, салбар болон гишүүн байгууллагын төлөөлөл, С.Удвал агсны хүү Б.Өнөбаатар, МЭХ-ны ахмад ажилтан Г.Улаан, Б.Уранчимэг нар оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “С.Удвал агсан нь МАХН-ын төв хорооны орлогч ба жинхэнэ гишүүн, Ардын Их Хурлын депутатаар 10 удаа, тэргүүлэгч гишүүнээр 9 удаа, Монголын Эмэгтэйчүүдийн хорооны даргаар 25 жил, Монголын зохиолчдын хорооны даргаар 13 жил, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөл зэрэг байгууллагуудыг тус тус удирдан ажиллаж байсан 20 дугаар зууны манлай эмэгтэйчүүдийн нэг юм. Долоохон настай охин хошууны тал бичээчээс ажил, амьдралын гараагаа эхлэж, төр, олон нийтийн хариуцлагатай албан тушаалуудыг 60 гаруй жил тасралтгүй хашсан арвин баялаг намтрын эзэн тэрээр монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлийн гишүүнээр удаа дараа сонгогдсон, Олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний зүтгэлтэн, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд “С.Удвал ахайтан” гэж хүндэтгэлтэйгээр үлдсэн гайхамшигт эмэгтэй юм.
Түүний хөдөлмөрийг төр засаг болон Олон улсын байгууллага үнэлж
-1946, 1966 онуудад “Алтан гадас” одонгоор хоёр удаа
-1956 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон
-1965 онд Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медаль
-1971 онд Сүхбаатарын одон
-1973 онд Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн шагнал
-1978 онд ЗХУ-ын “Ард Түмний Найрамдал” одон,
-1978 онд БНМАУ-ын төрийн шагналаар тус тус шагнаж байжээ.
Түүний үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, түүний удирдлага дор хамтран ажиллаж байсан нөхөд, Монголын эмэгтэйчүүдийн хорооны нийт идэвхтэн зүтгэлтнүүд, одоогийн “Монголын эмэгтэйчүүдийн Холбоо”-ны ахмад ажилчид, үе үеийн удирдлагууд, мянга мянган эмэгтэйчүүддээ эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилтыг хүсье.” гэлээ.