Тайландын заануудын холбооноос гаргасан судалгаагаар тус улсад аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг 3,700-3,800 заан байдаг аж. Гэвч эдгээр заанууд өлсгөлөнгийн байдалд хүрчээ. Тайландын заан дунджаар 2000-5000 кг жинтэй. Өдөрт жингийнхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний хоол иддэг. Эдийн засгийн нөхцөл байдал, COVID-19 тахлын улмаас бараг бүгдээрээ ажилгүй болсны улмаас ийнхүү заанууд хоолгүй болсон байна.
Sansiri Public Company Limited компанийн захирал Сретта Тависин Тайландын Чианг Май мужийн Сан Кампхаенг дүүргийн 70 га газарт Напиер өвс ургуулах санааг гаргажээ. Напиер өвс зааны гол идэш тэжээл бөгөөд энэ нь Чианг Май дахь олон байгууллага, компаниудад хоосон газар нутгаа өгөх, заануудад хоол хүнс хандивлах ажилд түлхэц болжээ. Гэвч уг ажилд өнгөрсөн 2 жилийн хугацаанд Тайландын Засгийн газраас дорвитой дэмжлэг үзүүлээгүй байна. Зааны холбооноос эдгээр заанууд нь Тайландын үндэсний баялаг гэж үзэхийг Засгийн газартаа уриалсаар байгаа юм.
Притонг Сингхонпитак - Напиерийн тариалангийн ажилтан:
- Бид өвсийг арчилж ургуулж байна. Дараа нь бид ачааны машинд ачиж, заан хамгаалах газарт хүргэх болно
Терпат Трунпракан – Тайландын заануудын холбооны ерөнхийлөгч:
- Тайландад байдаг 3800 зааны ихэнх нь аялал жуулчлалын дугуйланд өссөн. Манай улс хөл хорионд ороод 2 жил болж байгаа тул заан тэжээгчид орлогогүй болсон. Бараг өдөр бүр эсвэл ээлжлэн заан өвдөж, үхэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирдэг.
Гантонг Лертвонграттанакул – Заан тэжээгч
- Манайд 10 гаруй заан байдаг. Одоо би эх, хүүхэд гэсэн 2 зааныг асарч байна. Одоо би ургуулсан өвсөө хурааж байна. Ган болж байгаа болохоор өвс хүрэлцэхгүй байна.
Пермпонг Савигун – Патара зааныг хамгаалах төслийн менежер:
- Бид бие биедээ тусалж, заануудад анхаарал тавьж байна. Бид зааныг тэжээх зүйлс байгаа эсэхийг хайж ой руу олон явдаг. Жуулчид ирээсэй гэж бодож байна. Хэрэв жуулчид ирвэл бид олсон орлогоороо хоол хүнс авч чадна.
Терпат Трунпракан – Тайландын заануудын холбооны ерөнхийлөгч:
Заан бол манай улсын том баялаг тиймээс бид тусалж халамжлах хэрэгтэй. Тиймээс эдгээр 3800 гаруй зааныг Тайландын нэг хэсэг гэдгийг манай засгийн газар мартаж, үл тоомсорлож болохгүй.
Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг