“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг бүтээлд олгох “Гран при” шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгож буй юм байна. Түүнчлэн наадмын зохион байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.
Арвангурав дахь удаагаа зохион байгуулагдах эл наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах гэж байна. Наадмын эхний шатанд ОХУ, Герман, Польш, Грек, Киргиз, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчийн 34 өрсөлджээ. Үүнээс хоёрдугаар шатанд 17 бүтээл тунан үлдэж, 90 гаруй уран бүтээлч дөрвөн төрөлд нэр дэвшиж буй аж.