Өвөрхангай аймагт чоно, тэмээ галзуурчээ
Өвөрхангай аймагт мал галзуугаар өвчлөх тохиолдол сүүлийн хоёр жилд эрс нэмэгдээд байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хоёр хүн чононд ноцуулсан хэрэг саяхан гарчээ. Чоно хүн рүү зүгээр дайрдаггүй. Галзуу өвчний сэжигтэй чоно, үнэг хүн рүү дайрах тохиолдол бий. Тиймээс хүн рүү ноцсон чоныг галзуу өвчтэй сэжигтэй гэж үзэж байгаа аж. Одоогоор хоёр хүнийг аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтүүлжээ. Тэгвэл энэ сарын 9-ний өдөр Гучин-ус сумын “Далтын овоо” гэх газар өвөлжиж буй малчин М.Дэмбэрэлтулгын тэмээ галзуу өвчин туссаныг ЗӨСТ-ийн лабораториор тогтоожээ. Галзуурсан тэмээ гэрийн хаяа налж унаад байснаас өөрөөр хүн, малд хохирол учруулаагүй байна. Тус өдөр сумын Засаг даргын А/84 дугаар захирамжаар 14 хоног хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд галзуу малыг устган зохих арга хэмжээг авсан болохыг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 2014 оноос хойш тус аймагт 112 мал, амьтан галзуураад байгаа ба энэ онд 13 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.