8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс “Ковид-19”-ыг хохирол багатай даван туулж буй улсын тоонд орж байгаа

2022-03-25 10:03:57

УИХ-ын даргын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.03.23/ дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уулзалтад Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Л.Баярсайхан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа, Анагаах ухааны доктор М.Наранпүрэв, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга, Монгол Улсын төрийн соёрхолт П.Батчулуун, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор, профессор  Т.Навчаа, Баянзүрх дүүргийн есдүгээр  хорооны өрхийн эмч Г.Ууганцэцэг нар оролцов.

сонин mn

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал Улсын Их Хурлын анхаарлын төвд байгааг онцлов. Мөн хорт хавдрыг эмчлэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээнд шинэ ололт, технологийн дэвшил нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухайд эмч эмнэлгийн ажилчдын чадавх сайжирсан, амжилтууд их байгааг сайшаав.

Цаашид ажлын хэсэг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тухай  зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн асуудал шийдэгдсэн. 2022 онд 3,4 сая иргэн бүр цахим эрүүл мэндийн дэвтэртэй болно. Байнгын хороо удахгүй эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үйл явцтай танилцана гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэлхий нийтийг хамарсан ковидтой эхнээс нь үе шат бүрд зохицсон арга хэмжээг цаг алдалгүй авсны үндсэн дээр Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад хохирол багатай даван туулж буй улсын тоонд орж байгааг онцлов. Энэ нь эмч мэргэжилтнүүдийн чадамж ямар байгааг харуулсан сорилт байсан гэв.

Хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чухал хууль бол Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль. Иймээс цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөнгө зарахаасаа илүүтэй нийгмийн эрүүл мэндийн чиглэлд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийх цаг болсон гэлээ.

сонин mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа жилд нас барж буй 10 гаруй мянган  хүний нас баралтын шалтгааныг харвал  зүрх судас, хавдар, осол гэмтэл зэрэг урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлүүд байна. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлах гэж буй нь цаг үеэ олсон ажил гэлээ. Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Л.Баярсайхан хавдартай тэмцэх  ганц арга бол эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт.  Аймаг, дүүрэг болгон дээр тогтмол эрт илрүүлэг хийдэг тогтвортой ажиллах тогтолцоо чухал байгаа талаар санал хэлсэн бол  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга П.Батчулуун Донорын тухай хуулийг цусны донорын хуулиас салгах зайлшгүй шаардлагатай. Мөн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх тухайд тодорхой амжилт үр дүнгүүд гарч буй талаараа мэдээлэл өгөв.

сонин mn

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга шинээр батлагдан гарах хуулийн төслүүдэд эмч, удирдлагууд ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллахыг сануулж, удахгүй болох эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэж амжилт хүсэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment