8o
Улаанбаатар хот
mobile menu

POSCO групп технологийн түүхий эд болсон литийг сонирхов

2018-09-24 15:00:00

Шинэ үеийн технологи болох зөөврийн хэрэгсэл, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цэнэг хураах гойд шинж чанартай литийн эрэлт дэлхийн зах зээл дээр эрчимтэй өсөн нэмэгдэж буй. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээс газрын ховор элемент болох литийн дэлхийн зах зээл дээрх үнэ өсөж, 99.5 хувийн агуулгатай Li2O3 батарейн химийн найрлагатай литийн үнэ энэ сарын 21-ний байдлаар тонн тутамдаа 11 мянган долларт хэлбэлзэж байна.

Тэгвэл дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниудын тэргүүн эгнээнд багтдаг БНСУ-ын POSCO групп Монгол Улсын литийн нөөцийг сонирхож эхэллээ. Тус группийн охин компани болох POSCO Daewoo-гийн гүйцэтгэх захирал Ким Ёон Сан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяртай уулзалт хийж, газрын ховор элемент болох литигийн хайгуулын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгалаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад технологийн түүхий эд болсон литийг олборлож байгаа уурхай байхгүй бөгөөд хэд хэдэн компани хайгуулын ажил хийж буй. Тиймээс хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгийг “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр онцоллоо. Хоёр тал ойрын хугацаанд өргөтгөсөн уулзалт хийж, хөрөнгө оруулалтын нөхцөл болон боломжийн талаар ярилцахаар боллоо.

POSCO Daewoo компани нь гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын чиглэлээр дэлхийн 51 оронд 80 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус компани газрын ховор элемент болох литийг Өмнөд Солонгосын зах зээлд анх удаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Өнөөдрийн байдлаар тус компани литийн хайгуулын чиглэлд Аргентин болон Австрали улсад хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар POSCO Daewoo компанийн үйл ажиллагааны орлого 401.3 тэрбум вонд хүрсэн бол борлуулалтын хэмжээ 22.5 их наяд воноор хэмжигдэж байна.

Боловсруулсан: Б.Даваатогтох

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment