Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын хөдөлгөөнт эргүүл болон засвар үйлчилгээнд ашиглах Toyoto Land Cruiser 76, 77, 78 загварын автомашиныг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Гашуун сухайт авто зам” ХХК-д хүлээлгэн өглөө.
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу техник технологийн шинэчлэл хийж байгаа бөгөөд ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, шуурхай ажиллагаанд ашиглах зориулалттай гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү онцоллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 километр авто зам нь манай улсын нүүрсний экспортын гол гарц бөгөөд өнөөдрийн байдлаар 162 аж ахуйн нэгжийн 11129 тээврийн хэрэгсэл уртын болон богины зайд нүүрс тээвэрлэлт хийж байна. Тус компани энэ онд 17 сая тонн нүүрс тээвэрлүүлж, 54.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.6 сая тонн нүүрс тээвэрлүүлж, 39.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Боловсруулсан Б.Даваатогтох